Тэрбум мод: ААН-үүдэд мэргэжлийн зөвлөгөө, дэд бүтэц дутагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-10 14:49:28

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн талаар салбар салбарын төлөөлөлтэй цуврал уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр банк, санхүүгийн байгууллага, компанийн төлөөлөлтэй Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд уулзлаа.


Уулзалтын эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг аймаг, орон нутагт судалсныг хөтөлбөрийн менежер Л.Цэрэнням танилцууллаа. Тэрбээр олон нийтийн байгууллагуудын оролцтойгоор “Тэрбум мод” хөдөлгөөний зорилт, биелэлт, хэрэгжилт, үр дүн, учирч буй бэрхшээлийн талаар аймаг, орон нутагт ярилцлага уулзалт зохион байгуулж, судалгаа хийж ирснийг дурдаад, судалгаанд хамрагдсан, мод тарьж буй байгууллага, ААН-үүдийн 95 хувь нь хөдөлгөөний хүрээнд мод тарихад санхүүжилт дутагдалтай байна гэснийг уламжиллаа. Удаалаад тулгарч буй бэрхшээлд:

  • усалгааны зардал их байна,
  • мод үржүүлгийн газар олголт асуудалтай,
  • хүний нөөц, боловсон хүчин, мэргэжлийн хүмүүс болон тоног төхөөрөмжөөр дутагдаж байна,
  • мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байна, хяналтын тогтолцоо сул, үгүйлэгдэж байна гэжээ.

“Тэрбум мод” хөдөлгөөний зорилтыг судалгаанд оролцогчдын 74 хувь нь улсын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж хүлээн авч буй бол 58 хувь нь ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, 47 хувь нь энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа юм хэмээн хариулжээ. Түүнчлэн:

  • 32 хувь нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах,
  • 37 хувь нь агро-ойн аж ахуйг хөгжүүлэх,
  • 21 хувь нь авто замуудын дагуу ойн зурвас байгуулах,
  • 32 хувь нь доройтсон ойг нөхөн сэргээх,
  • 11 хувь нь олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлжээ.


Арилжааны банкууд “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин 50 сая мод тарих амлалт аваад ажиллаж байна. 


“Бичил глобус финанс” ББСБ-ын менежер Н.Батжаргал, манайх “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 500 мянган мод тарихаас 22 мянгыг тариад байна. Цончинболдогт өөрийн 24 га газартай. Харилцагч иргэд, байгууллагуудтай хамтран мод тарьж байна. Мод тарьж буй ААН-үүдэд усалгааны нэгдсэн систем зэрэг дэд бүтэц дутагдаж байна. Мөн техник, хэрэгсэл оруулж ирэхэд татвар, төлбөр өндөр байгаа учир хөнгөлөлттэй зээл хэлбэрээр нийлүүлж байх хүсэлт тавьж байна.


Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тарьж буй модыг бүртгэх бүртгэлийн “Тэрбум мод.мн” болон “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгцээ шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эрдэс бордоо зэрэг хэрэгтэй зүйлийн талаарх арилжааны хоёр цахим сайт ажиллаж буйг мэдээллээ.


Хөдөлгөөний хүрээнд техник, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын татвараас хөнгөлж чөлөөлж байсан ч Ковидын цар тахлын дараагийн жилээс эдгээрийн хугацаа дуусгавар болсон учир эрх зүйн энэ талын үйл ажиллагааг эргэж үйлчлүүлэх талаар Сангийн яамтай ярилцаж байна аж.


Банк, санхүүгийн байгууллагуудын “Тэрбум мод” сангийн шугамаар 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Арилжааны банкууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 50 сая мод тарих амлалт аван ажиллаж байна. Энэ хүрээнд мод тарьж ургуулах, нөгөө талаар санхүүжилт босгох зорилгоор нэгдэж, Монголбанкны дэмжлэгтэйгээр “Тэрбум мод” санг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан юм. “Тэрбум мод” хөдөлгөөний санхүүжилтийн нэг хэлбэр болж буй тус сангийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирал Б.Баярмаагаас тодрууллаа.


Тэрбээр санг цэцэрлэг, сургуулийн гадна тохижилтыг хийх, олон нийтийн оролцоотой мод тарьж, ойжуулах, ойг нөхөн сэргээх, мөн олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг олгох гэсэн 3 үндсэн чиглэлээр ажиллаж буйг танилцууллаа. Сангийн шугамаар санхүүжилт авахаар иргэн, ААН, байгуулагууд 200 гаруй төсөл ирүүлснээс 34-ийг сонгон шалгаруулж, өнөөдрийн байдлаар 1.3 тэрбум төгрөгийн гранд санхүүжилтийг олгоод буйг мэдээллээ.

-Банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл, санхүүжилт авахад шаардлага өндөр байгааг ААН-үүд хэлж байна. Танай сан ямар шалгуураар санхүүжилт олгож байна вэ?

-Манай сангийн дэргэд салбарын, мэргэжлийн, аудитын мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо, техникийн зөвлөлүүд ажилладаг. Тэнд ирсэн төслүүдийг уншиж танилцаад, яг хэрэгжих боломжтойд санхүүжилт олгож байгаа. Хэрэгжих боломжгүйд нь заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна. Тавьж буй шаардлагыг бид боломжийн, тийм өндөр гэж бодохгүй байгаа. Бид төслөө Өмнөговь, Баянхонгор, Ховд зэрэг аймгууд, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж, санхүүжилт авсан ААН-үүдээ байнга эргэн, холбоотой ажиллаж байна гэв.


“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлд Ойн генетик, биотехнологийн лаборатори байгуулж байна 

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлд ухаалаг хүлэмжийн аж ахуй болон мод үржүүлгийн туршилт, судалгааны Ойн генетик, биотехнологийн тусгай зориулалтын лаборатори байгуулж байна. Эдгээр нь булцуут цэцгийг үржүүлж, олшруулан нөөц бүрдүүлэх зорилготой аж. Тодруулбал, тус лабораторийг хотын ногоон байгууламжид ашиглах гоёл чимэглэлийн модлог ургамал, гудамж, талбайн зүлэгжүүлэлтэд суулгах олон наст ургамал, нэг болон олон наст цэцгийн үрийг шинжилж судалж, биотехнологийн аргаар цэцгийн вирусгүй булцуу гаргах, төрөл зүйлийг нэмэгдүүлж нөөц бүрдүүлж бэлтгэх зорилготойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд байгуулан, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна.


Ухаалаг хүлэмжийн тухайд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2000 ам дөрвөлжин метр талбайд шинээр байгуулж, мөн хотын ногоон байгууламжид гаргах нэг болон олон наст цэцэгт ургамлыг дотооддоо 100 хувь үрслүүлэх аж. 


Ташрамд мэдээлэхэд, "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд уул уурхайн компаниудаас:

  • "Эрдэнэс Тавантолгой" нийт 180 сая,
  • "Оюу толгой" 100 сая,
  • "Болдтөмөр Ерөө гол" мөн 100 сая,
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 сая,
  • "Энержи ресурс" 40 сая,
  • "Өсөх зоос" 30 сая,
  • "Саусгоби Сэндс" 15 сая зэргээр 25 компани, ААН нийт 622 сая мод тарих амлалт авсан юм. 

Банк, санхүүгийн байгууллагуудаас:

  • Монголын банкны холбооны гишүүн арилжааны 11 банк нийт 50 сая,
  • ББСБ-уудын холбоо 2.7 сая,
  • "Сэндли ББСБ" 1.5 сая зэргээр нийт 17 байгууллага 88.6 сая мод тарихаар амласан байна. 
Related news