“Музей ба хөгжил чуулган 2016” аймгуудын нэгдсэн чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-20 16:39:10

“Музей ба хөгжил чуулган 2016” аймгуудын сургалт, спортын нэгдсэн чуулга уулзалт Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо.

Тус чуулга уулзалтад 11 аймаг, Улаанбаатарын 10 гаруй музейн төлөөлөл оролцсон  чуулганд  Дорноговийн 11 музейн ажилтан оролцов.

Чуулганаар БСШУСЯ, Байгалийн түүхийн музей, Үндэсний түүхийн музей, Соёлын өвийг хамгаалах төвийн холбогдох мэргэжилтнүүд, ажил хариуцсан хүмүүс орон нутгийн музейчдэд музейн сан хөмрөгийг хэрхэн тоолох, бүртгэх, хадгалах, хамгаалах  талаар сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн  байна.

Тус чуулган нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музейд хөгжүүлэх, музейн үзмэрийг бүтээгдэхүүн болгож төрөл зүйлийг нэмэгдүүлэх, музейн бэлэг дурсгалын дэлгүүрт тулгуурлан ашиг орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, шинэ санал санаачлагыг дэмжих, боловсон хүчний чадварыг дээшлүүлж идэвхжүүлэх гол зорилготой аж.

Чуулгын баярын хуралд Хэнтийм аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар оролцож түүх соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах үйлд өөрийн хувь нэмрээ оруулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүсийг алдаршуулж шагнал гардуулсан юм. Тухайлбал СТА цол тэмдгээр Булган аймгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбат, Архангай аймгийн “Хөшөө цайдам” музейн менежер, эрдэм шинжилгээний ажилтан М.Шаравжамц нар шагнуулжээ.

Мөн БСШУСЯ-ны жуух бичгээр Монгол цэргийн музейн ажилтан Л.Амарсайхан, Соёлын өвийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан П.Чинбат, Сүхбаатар аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан О.Гандиймаа, Хэнтий аймгийн музейн боловсролын ажилтан Г.Цэцэглэхдаваа нар шагнагджээ. Аймгийн хүндэт тэмдгээр Хэнтий аймгийн музейн харуул Н.Энхболд, Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар музейн үзмэр хянагч Г.Баярцэцэг нар тус тус шагнуулжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news