ГОВЬ-АЛТАЙ: Т.Очирхүүгийн нэрэмжит “Урам хайрла” наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-23 15:58:47

Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “Урам хайрла” яруу найргийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгууллаа.


Наадмын сүүлийн шатанд Говь-Алтай аймгийн залуу уран бүтээлчдээс шалгарсан шилдэг 16 оролцогч шүлгэн хүлгээ уралдуулснаас тэргүүн байрт Б.Эрдэнэ-Очир, дэд байрт Б.Буянжаргал, гутгаар байрт Л.Даваа нар шалгарсан юм. Зохион байгуулагч “Ирээдүй-Алтай” холбооноос тус наадмын хамгийн залуу шүлэгч буюу Есөнбулаг сумын 11 дүгээр ангийн сурагч Б.Майнбаярт, Монгол Улсын үндэсний номын сангийн хамт олноос яруу найрагч Г.Хосбаяр нарт тусгай шагнал гардууллаа хэмээн Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын "Ирээдүй-Алтай" холбооноос мэдээллээ.


Яруу найрагч Т.Очирхүү “Манай ангийнхан”, “Зүүдний хайртай нутаг”, “Ээжтэйгээ өтлөх сайхан” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны зохиогч юм. Наадмын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Оюунцэцэг “Зүүдний хоймор Алтай”, “Ахан дүүс” хамтлагийн дуучин Т.Гантөмөр “Оюутан цагаа дурсана уу” дуунуудаар нь мэндчилж, МУБИС-ийн оюутан Т.Сарантуяа “Ёогүй Чулууны дууль”-ийг нь уншиж, Соёлын тэргүүний ажилтан А.Оросоо, хөтлөгч, дуучин, Б.Мэндбаяр нар ая дуугаа өргөлөө.

Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лодойдамбын шагналт зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тоомойн Очирхүүгийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан нь уншигчдын сонирхлыг татаж байлаа. Тэрээр яруу найраг, дууль, нийтлэлийн төрлөөр “Тэнгэрийн хаяаны од”, “Морьтой хүн”, “Газрын татах хүч”, “Алтайн унага”, “Алтан нулимс шиг навч”, “Чулууны магтаал”, “Аргамжааны чулуу”, “Тоомой панз миний аав” зэрэг 20 гаруй ном бүтээсэн аж. 


“Урам хайрла” наадмыг Тоомойн Очирхүүгийн 80 насны ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд өмнө нь 2006, 2008 онд болж байсан юм.


Related news