ДУНДГОВЬ: Ширээний теннисний Улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-25 12:53:42
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 2023 оны ширээний теннисний Улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо эхэллээ.


Тэмцээнд 9 клуб, Өмнөговь, Эрдэнэт, Дундговь аймгийн эрэгтэй 16 багийн 60 тамирчин, эмэгтэй 8 багийн 32 тамирчин оролцож байгаагийн дунд Олон улсын хэмжээний мастер 12, Спортын мастер 47 байна.


Улсын аварга шалгаруулах тус тэмцээнийг Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн ЗДТГ хамтран Ширээний теннисний спортыг сурталчлах, шилдэг тамирчдыг тодруулах, тамирчдын ур чадварыг сорин чансааг тогтоох, оролцогчдын техник, арга туршлагыг солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ширээний теннисийг тус аймагт хөгжүүлэх зорилгоор ийнхүү зохион байгуулж байгаа ажээ.


Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын хэмжээний шүүгч Ж.Болд, нарийн бичгийн даргаар Олон улсын хэмжээний шүүгч Д.Түмэн-Өлзий нар ажиллаж байна.


Тус тэмцээн 10 дугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ба эмэгтэй, эрэгтэй баг, эмэгтэй, эрэгтэй хос, эмэгтэй, эрэгтэй нэг бүрчилсэн гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулна. 










Related news