СЭЛЭНГЭ: Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд нийт хүүхдийн 51.7 хувь нь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-31 17:37:00

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. "Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо”-г Сэлэнгэ аймагт энэ сарын 30-нд эхлүүлсэн бөгөөд эхний өдрийн байдлаар нийт хүүхдийн 51.7 хувь нь хамрагджээ.

 

Үзлэгийг аймгийн 17 сум, зургаан тосгонд зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжид Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 11 мянга орчим хүүхдийг хамруулах аж.

 

Харин дараагийн ээлжээр 6-12 дугаар ангийн 10 мянга гаруй хүүхдийг ирэх онд үзлэг, оношилгоонд хамруулахаар төлөвлөжээ.  

 

Үзлэгийн дүнд шинжилгээ эерэг болон эргэлзээтэй гарсан үед эмчилгээний дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэх учраас хүүхдээ үзлэг, оношилгоонд идэвхтэй хамруулахыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.  

 

Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог тул аль болох эрт үед нь оношилж эмчлэхийг эмч нар зөвлөдөг.


НҮБ-ын Хүүхдийн сан ЭМЯ-тай хамтарч манай улсад “Амны хөндийн эрүүл ахуй, стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байна.   

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн есдүгээр сард орон нутгаас Сэлэнгэ аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 17 сум, зургаан тосгоны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон багц сургалт явуулж, бэлтгэл ажлаа хангажээ.

 

Үзлэгийн үеэр ажлын хэсгүүд таван бүсэд хуваагдаж, сум, тосгодын Засаг даргын Тамгын газар, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийг арга зүйгээр ханган ажилласан байна. 

Related news