Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-11-06 16:32:49

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.


2023 оны 11 дүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө -16-21 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус, өдөртөө -1-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байх цаг агаарын төлөв гаргажээ. 

Related news