ДАРХАН-УУЛ: “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-10 12:40:39

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд аймгийн Соёл, урлагийн газар, “Эмэгтэйчүүдийн Дархан Бриллиант клуб” ТББ хамтран Монгол үндэсний хувцас алдаршуулах “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлалаа.


Тус уралдаан нь төвийн бүсийн Монгол Үндэсний хувцас урлаачдын ур чадварыг сорих, тэдний бүтээлийг алдаршуулах, урам зоригийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, харилцан суралцахын зэрэгцээ Дарханы брэнд бүтээл төрүүлэх зорилготой ажээ.


Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Уран үйл 2023” уралдаанд төвийн бүсийн /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Хөвсгөл/ аймгийн Монгол үндэсний хувцас урлаачид, ЕБС болон МСҮТ-ийн дизайн технологийн багш, сурагч, оюутнууд оролцох боломжтой аж.





Урлаачид уламжлалт болон гоёлын дээл, чөлөөт загварын дээлээр оролцох бөгөөд дизайны уран сайхны шийдэл, шинэлэг байдал, өнгөний зохицол, материалын сонголт, бүтээлийн хүний биед суух, тохирох байдал зэргийг харгалзан шалгаруулах ажээ.


Уралдаанд оролцогчдын бүтээлээр 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Залуучууд театрт үзэсгэлэн, худалдаа гаргахаас гадна оролцогчдыг Хувцас урлах аргыг түгээн дэлгэрүүлэх сургалт, уулзалтад хамруулахаар төлөвлөжээ.

​​“Уран үйл - 2023” төвийн бүсийн урлаачдын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны удирдамж, дэлгэрэнгүй мэдээллийг 8601-4646, 8057-2277 дугаараас тодруулах боломжтой аж.

Related news