ХӨВСГӨЛ: Жаргалант суманд өвөлжилт хүндэрч, 70-80 мянган толгой малыг зах зээлд борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-13 14:51:53

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр  сарын 13  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэмжээнд энэ сарын 3, 4-ний өдөр үргэлжлэн орсон цасны улмаас өвөр бэл хөндий хэсгээр 38-55 см, өндөрлөг хэсэг гуу жалганд 45-65 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.


Тус суманд зудын эрсдэлийн үнэлгээ хийх баг ажиллаж, эрсдэл их гэсэн дүгнэлт гарсан байна.


Жаргалант сум 281 мянган толгой малтай бөгөөд өвөлжилт хүндэрсний улмаас гуравны нэг буюу 70-80 мянган толгой малыг зах зээлд борлуулахаар болжээ.


Харин үлдсэн малаа аваад малчид оторт гарч байгаа аж.


Жаргалант сумын малчдын отор хийдэг хөрш зэргэлдээ Завхан, Архангай аймгийн сумдад цас их орсон тул Хөвсгөл аймгийн цасгүй байгаа сумдад оторлохоор явж байна.


Гэхдээ яг тэр сум гэсэн тодорхой заасан байршил нутаг байхгүй сумаасаа бичиг аваад явж байна.


Байгалийн гамшиг эрсдэлийн улмаас хэдэн малаа онд оруулахаар отроор яваа малчдыг сайхан сэтгэл гарган хүлээн авч тусалж дэмжээрэй гэдгийг Засаг дарга Ц.Бямбажав уриаллаа.

  

Related news