Эрдэмтэд “дуулдаг загасны" нууцыг тайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-09-26 09:52:31

ВАШИНГТОН. /BBC/. 1980-аад оны үед завин дээр амьдардаг байсан хүмүүс усан доорх намуухан хүнгэнэх дууг сонсоод бохир усны шугамын насосны дуу, эсвэл цэргийнхний туршилт тэр ч бүү хэл харь гарагийнхны дуу хоолой ч байж магадгүй гэж боддог байжээ.

Энэ нь “Midshipman” /залуурч загас/ гэдэг загасны хосоо хайн илгээж буй шөнийн хүнгэнэх дуу байсан бөгөөд түүний биологийн нууцыг эрдэмтэд тайлжээ.

Судлаачид уг загасыг лабораторидоо авчран, яагаад шөнө дуулдаг болохыг нь судалжээ. АНУ-ын судлаачдын туршилтын талаарх материал “Current Biology” гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Хүмүүсийн нойрыг хүргэхэд нөлөөлдөг мелатонин гэдэг даавар нь дуулах үйл явцыг удирддаг болохыг олж тогтоожээ. Дуулж буй дууны авиаг хүлээж авч буй загасны тархины өөр өөр хэсгүүдэд мелатонин хэрхэн нөлөөлж буйг тодорхойлсноор унтах-сэрэх цаг, үржил болон шувууны жиргээнд чухал үүрэгтэй "химийн цаг"-ийн учрыг тайлбарлаж болно.

Чарлес Грийн гэдэг хүний 1924 онд бичсэн, эр загас яагаад шөнө дуугардаг болохыг тайлбарласан нийтлэл нь дээрх судалгааг удирдсан профессор Эндрью Басс-ын сониуч занг хөдөлгөжээ.

“Midshipman” загасыг Калифорнийн дуулдаг загас” гэж Грийн нэрлэдэг байсан гэж профессор Э.Басс хэлээд “эмэгчин загаснууд  мөн адил дуу авиа гаргадаг болохыг тогтоосон, гэхдээ зөвхөн үүрээ барьдаг эрэгчин загаснууд л эм загаснуудаа үүрэндээ авчрахын тулд хүнгэнэсэн дуу авиа гаргадаг болохыг тогтоосон” гэлээ.

"Уг дуу авиа нь хоногийн хэмнэл буюу биологийн цагт захирагддаг эсэхийг тогтоохын тулд манай баг эхлээд хэд хэдэн “midshipman” загасыг байнгын гэрэлд байлгалаа. Ингэхэд тэд бараг ямар ч дуу авиа гаргаагүй. Харин бид загасанд мелатонин орлуулагч өгөхөд тэд дуугарч эхэлсэн бөгөөд ямар нэгэн биологийн хэмнэлгүйгээр өдрийн аль ч цагт дуугарч байсан” гэж профессор Э.Басс ярьж байна.

“Мелатонин нь “midshipman” загас шөнийн дуудлага хийх үед “яв” гэсэн дохионы үүрэг гүйцэтгэж байсан” гэжээ.

Х.Сарнай

 

Related news