ӨВӨРХАНГАЙ: Хөөрөг урлаач С.Энхбаатар: Монгол чулуу амьтай. Хүний дутагдсан элементийг нөхөж байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-12 18:08:10

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын иргэн С.Энхбаатар хөөрөг урлаад дөч гаруй жил болж байна. Түүний урлангаар очиж, хөөргийн тухай, мөн монгол чулууны талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

 

-Та хэзээнээс хөөрөг урлаж эхэлсэн бэ. Хүнээр заалгаж байв уу, эсвэл удам дагасан авъяас уу?

-1983 оноос хойш дөчөөд жил чулуутай "ноцолдож", хөөрөг хийж байна. Эцгийн талд Гээдав дархан гэж хөөмөл, цутгуураар бурхан урладаг нэртэй хүн байсан. Миний хувьд бурхан урлахгүй ч гар хурууныхаа үзүүрээр юм хийгээд байгаа маань тэр хүнээс удамшиж ирсэн юм болов уу гэж боддог.


Эхийн тал Говийн ноён нутагт Данзанравжаагийн удмын улс. Данзанравжаа гуай Өвөрхангайн Баянгол гарлын хүн байгаа юм. Түүнийг хорлогдох үед ах нар нь болох Баглаа, Цуглаа гэж хоёр сайн эр зугтаж, нутаг орондоо эсэн мэнд эргэн ирж, одооны Тарагт сум хавиар аж төрсөн байдаг. Миний өвөг эцгийн эцэг Данзан тэр Баглаа гэх хүний удам юм. Өвөг Данзангийн төрсөн дүү нь Пэлжид. Пэлжидийн хүү нь Ерөнхий сайд байсан Гэндэн гээд удам угсаагаа яривал нарийн холбоо сүлбээ их бий. Гэндэн сайдын аяга, хөөрөг хүртэл манайд байсан.

Түүнийг хилсээр баригдах үед манайхныг нийтээрээ ад үзэх хандлагатай байсан учраас өөр аймаг руу явсан байдаг юм. Ардын зураач, уран сийлбэрч Л.Чуваамэд бас манай удмын хүн. Архангай руу дүрвэсэн юм билээ. Ингээд яривал олон хүнийг нэрлэж болно. 


СОЦИАЛИЗМЫН ҮЕД ГАРТААМААР МАЛЫН ХАШАА БАРЬЧИХДАГ БАЙСАН

-Та анх ямар чулуугаар хөөрөг хийж байв. Энэ олон жилийн хугацаанд олон хөөрөг гараасаа гаргасан байх?

-Анх баргилт гээд Өмнөговийн ногоон саарал өнгөтэй чулуугаар хөөрөг хийж байлаа. Наяад онд Монголд арваад хүн хөөрөг хийдэг байсан. Багаж байхгүй болохоор ган ирлэж байгаад хөөргөө ухдаг, гадна талыг нь зүлгүүрээр зүлгэдэг, пастыг эсгийнд дүрж өнгөлдөг байв. Сүүлд Хятадаас багаж оруулж ирдэг болсноор одоог хүртэл ашиглаад явж байна.

Хийсэн хөөргөө тоолж, бүртгэж байсангүй. Сард дунджаар 5-6 хөөрөг хийж байсан гээд бодохоор нэлээн их тоо гарах байх. Ер нь миний хийсэн хөөрөг Монголоор нэг тарсан. Шавь нар олон бий. Өвөрхангайд ч, Улаанбаатарт ч хөөрөг урлаж байна.


-Хөөргийн чулуу дотроо хэдэн төрөл байдаг вэ?

-Замбараагүй олон төрөл байдаг. Тэр тоолонд нэр өгчихсөн байдаг. Мана гэхэд л халтар, шар алаг, хар алаг, цэцэгт, тариан түрүүт гээд олон янз. Хаш гэхэд л оросын цагаан хаш, Хөвсгөлийн ногоон хаш л гэнэ. Хөвсгөл, Дорноговиос гоё чулуунууд гардаг. Өмнөговиос чүнчигноров гарна. Манай Богдод хаш чулуунаас бусад нь байдаг. Ер нь хаш чулууг Монголд байдаггүй гэж үздэг л дээ. Би ч нэлээн сураг ажиг тавьж байсан. Олсон хүн байдаггүй юм билээ. Өмнөговиос урагш цагаан шүр байдаг гэж ярьдаг байсан ч сүүлийн жилүүдэд чимээгүй болсон. Өвөрхангайн Арцбогдод бүх төрлийн мана бий. Социализмын үед малчин айлууд манаар бүү хэл, гартаамаар малын хашаа хороо барьчихдаг байсан гэж ярьдаг юм. Би нүдээр үзээгүй л дээ. Баянхонгорын Богдоос бас гоё, гоё мана чулуунууд олддог.


Өнгөний хувьд чулуу хэдэн мянга ч байж мэднэ. Зүсэх тоолонд өөр өнгө гардаг. Би чулуу зүсэх их дуртай. Содон, гоё өнгөтэй чулуу гаргачих гээд чулуу бүрийг зүсдэг. Яг ижил өнгөтэй чулуу бараг гараагүй дээ. Дахин давтагдашгүй байдаг.



МОНГОЛ ЧУЛУУ АМЬТАЙ УЧРААС ХҮНИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАДАГ

-Богд суманд “Тоглоомын тойрог” гэдэг хоолой тэр чигтээ өнгөт чулуугаар дүүрэн байсан гэж ярьдаг. Тэр үнэн болов уу?

-Богдын Тэвш уулын зүүн тал руу байсан юм. Өнгө бүрээр алагласан жижиг мана чулуугаар дүүрэн газар байсан. Гэвч бүгдийг нь улсууд хамчихсан гэдэг юм. Тэр үед хараа хяналтгүй ч байж дээ. Одоо экологийн цагдаа гэж бий болоод хамгаалалтад аваад цаашаа, наашаа гарахаа больсон юм шиг байна. Очсон ч олдохоо байсан. Ил чулууг бүгдийг нь хамсан. Ухвал байгаа, гэхдээ тэрийг мэдэх хүн нь л мэднэ.


-Чулуу “амьтай” гэж ярьдаг. Хэрвээ энэ үнэн бол хөөрөг хийх явцад танд мэдрэгддэг үү?

-Чулуу амьтай. Хүн өөрөө бүх төрлийн элементийг агуулсан амьтан учраас чулуу дутагдсан элементийг нөхөж байдаг гэж монголчууд бэлгэшээж ирсэн. Жишээ нь, гартаам нүдэнд сайн гээд харвачихсан хүн зүүгээд байдаг шүү дээ.


Би дөч гаруй жил чулуутай “ноцолдохдоо” ямар нэг өвчин тусаагүй. Чулуу зүсэхэд миний ам, хамраар бөөн шороо, чулууны үйрмэг орж байдаг. Тэгэхэд миний уушги таглараагүй л байна. Манай давхрын хүмүүс бүгд корона тусч байхад би тусаагүй. Монгол чулуу амьтай учраас хүнийг эрүүл байлгадаг гэж боддог юм.


Хагас эрдэнийн чулууг зүсэхээр зарим нь голдоо элстэй байдаг. Тэрийг “Чулуун гиваа” гэнэ. Чимхээд амандаа хийхэд шууд уусаад алга болчихно. Элгэнд их сайн юм гэнэ лээ. Элэг муутай гэх хүмүүс би нэлээн өгсөн. Баргийн чулуунаас олдоод байдаггүй л дээ.


-Хөөрөг хэлбэрийн хувьд ч янз бүр шүү дээ. Та ямар төрлийн хөөрөг хийдэг вэ?

-Би ерөөсөө монгол хэв загвараар л хөөрөг хийхийг боддог. Манай монголчууд ийм бандгардуу, ходоод цатгалан хөөрөг барьдаг байсан. Өлзийт, Есөнзүйл гээд зүүн талын сумынхан ийм хөөргийг “хөхүүр” гэж нэрлэдэг юм. Буян хурдаг гээд хүмүүс ч барих дуртай. Дээр үеийн хатдын хөөрөг шиг галуун хүзүүт хэлбэртэй, бас ваар сав шиг, зүрх шиг, дөрвөлжин, хүний санаанд оромгүй этгээд хэлбэртэй хөөргүүдийг захиалгаар хийж байсан. Чулууны найрлага, бүтэц бас өөр өөр байна. Зөөлөн, бутарчихдаг чулуу байхад бүр хатуу дийлдэхгүй чулуу ч байна. Чүнчигноров гэхэд дотроо хатуу, зөөлөн хоёр янз байдаг.



-Сүүлийн үед гаднаас чулуу их оруулж ирдэг болж. Хөөрөг хийхэд хэр тохиромжтой байдаг вэ?

-Хятадын, Бразилын гээд шахмал, таримал чулуугаар хөөрөг их хийж байна. Гэхдээ тэр чинь чулуу биш шүү дээ. Байгалийн биш учраас хөөрөг хийхэд цав гарахгүй, гарын ая даана, бас их гоё үзэмжтэй. Гэхдээ амьгүй, энергигүй учраас би тэрүүгээр юм хийх дургүй. Болж өгвөл байгалийн чулуугаа л эд болгоод үлдээчих бодолтой байдаг.


Тийм шахмал чулууг зүсэхэд муухай жонгиносон дуутай, бас химийн хачин муухай үнэртэй, байгалийн чулуунаас шал өөр байдаг. Тэгээд үйрмэг нь үсрэхээрээ гар хага яраад байдаг. Гэтэл манай монгол чулуу үйрмэгийг нь алчууранд хамаад базахад гарын алга зүсдэггүй. Ямар ч ирмэгтэй монгол чулуу гар зүсэхгүй. Тэрийг би ёстой баталж хэлнэ.


-Таны бүтээлүүд дотор их гарын, маш жижиг, эсвэл их гоё үзэмжтэй, сонин түүхтэй гэх өөр өөрийн онцлогтой хөөргүүд байдаг байх. Бас таны хөөрөг урлах арга барил, онцлог юу вэ гэвэл та юу гэх бол?

-Атга дүүрэн, их гарын хөөрөг захиалгаар хоёр, гурвыг хийж байсан. Бас олгой шиг жижигхээн шар манан хөөрөг хийгээд, ачдаа өгсөн. Ногоон, улаан, шар гурван өнгийн тариатай маш гоё чулуугаар их гарын хөөрөг хийж байлаа. Хөөрөг хийхэд маш чимхлүүр, нарийн ажиллагаатай учраас тэвчээр их шаарддаг. Гурав, дөрөв хоног босохгүй сууж байж нэг хөөргийн ард гарна. Би өөрийгөө шалгаж үзэх гээд алганд багтахаар хэмжээний хөөргийг нэг өдөрт хийж байсан. Өглөө эрт суугаад орой дуусгаж байлаа.


Олон жил хийж байгаа болоод тэр үү, бусад шиг зураг эскиз гаргадаггүй, чулуундаа захирагдаад гарын үзүүрээр төвөггүй хийдэг л дээ. Миний арга технологийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хэдэн зуун жилийн дараа, би байхгүй болсон ч миний урласан хөөргүүд байсаар байна. Хийц загвараар нь тэр үед тийм хүн хийж байсан юм билээ гэж яригдах байх, үр хойч маань ч бахархах үе ирэх байх гэж боддог л юм.


"ЭД ЭЗНЭЭ ЭРЖ ЯВДАГ" ГЭХ ҮГ БИЙ. ЗАРИМ ХӨӨРӨГ ЭЗЭНДЭЭ ОЧЧИХ ШИГ САНАГДДАГ

-Таны урласан хөөргүүд ямар үнэтэй байдаг вэ?

-Би бүгдийг нь ижил үнээр өгдөг. Надаас сая төгрөгөөр авсан хөөргөө арван хэдэн саяар зарчихсан л байдаг юм. Таван зуун мянгаар зарах гэж байсан хөөргийг зургаан саяар авъя гээд авч ч байсан. Энэ нь наймаачдын ур ухааны асуудал байх. Би бол чулуу ямар үнэлгээтэй байдгийг мэддэггүй. Оросын цагаан хашаар хөөрөг хийхэд сайхан л даа. Гэхдээ би манатай ижилхэн үнээр л өгчихдөг. Мана шиг гоё чулуу байхгүй. Мана дотроо янз бүрийн гоё зураг, дүрстэй.


-Хөөргийн үнэ цэн юундаа байдаг вэ. Толгойдоо юу?

-Тийм л байх даа. Шүр чинь олон улсын жишиг үнэтэй. Гэтэл мана болохоор дэлхийд байтугай, Монголдоо ч тогтсон үнэ ханш байхгүй. Гоё содон чулуутай хөөргөнд шүрэн толгой тавьчихвал өндөр үнэд хүрнэ гэж манайхан яриад байдаг юм. Түүнээс биш тэр чулуу нь үнэтэй, тэр үнэгүй гэж би хэлж мэдэхгүй.   


-Танд захиалга их ирнэ биз?

-Захиалга тасардаггүй. Манай аймаг хөөргөөр ханачихсан газар. Тийм болохоор эндээс захиалга багатай, харин Улаанбаатар хотоос бол байнга захиалга ирдэг. “Эд эзнээ эрж явдаг” гэх үг бий. Зарим хөөрөг яг эзэндээ оччих шиг санагддаг юм. Заримдаа хүмүүс чулуугаа бариад ирнэ. Тэдэн хөөрөг гарна гээд аваад ирсэн чулуунаас нь юу ч гарахгүй ч байж мэднэ. Тийм болохоор нүдэн дээр нь зүсэж өгөөд харуулахгүй бол дараа нь хардах, сэрдэх асуудал зөндөө гарна. Хөөрөг гарахгүй чулууг нь энергитэй, амьд чулуу учраас гэртээ сайхан хадгал гээд өгөөд явуулдаг юм. 


-Ер нь монголчууд хэзээнээс хөөрөг зөрүүлдэг болсон юм бэ, та судалж үзэв үү?

-Франц үнэртэй усны соёл Хятад руу орж ирэх үед саванд нь хамрын тамхи хийж хэрэглэж байгаад, сүүлдээ манайх руу шарын шашин орж ирэх үед лам нар уламжлал болгон хэрэглэж ирсэн эд л дээ. Чулуу энергитэй гэдгийг манайхан мэддэг байсан учраас өөрийн өв соёл болгоод авсан байгаа юм.

Мөртэй, мөргүй хөөрөг гэж бий. Говь-Алтайн Сахъяа гэж хүн надад тээр жил нэг түүх ярьж байсан юм. Хятадын нэг эзэн хааныг шадар туслах нь төрсөн өдрөөр нь хор өгч алах гэж байгаад баригдаж л дээ. Тэгээд хаан хортой архийг Хит таян гэх тэр түшмэлдээ уулгаж байгаад эрүүг нь заагаад хөөрөгнийхөө мөрөн дээр тавиулсан гэдэг юм.


Тийм учраас манай эцэг өвгөд мөртэй хөөрөг хэрэглэж байгаагүй. Одоо л бадтай, бадгүй гээд янз бүрээр ярьдаг болж. Миний хувьд хөөргөнд ерөөсөө мөр тавьдаггүй, бэлгэшээдэггүй.


-Дээр үеийн хөөрөг одооныхоос чанараар илүү гэж байх уу?

-Чулууны хувьд чанар өөр байна гэж байхгүй. Чулуу бол бүгд л нас чацуу. Харин хийцийн хувьд өөр. Дээр үеийн хөөргүүд багаж төхөөрөмж байгаагүй хэрнээ маш нарийн хийцтэй байдаг. Жишээ нь гаднаасаа гурван хонхорхойтой, дотор талдаа болохоор цаашаа бөндгөртэй хөөрөг хүртэл байдаг. Маш чадвартай улсууд хийж байсан байгаа юм.


-Та өөрөө ямар хөөрөг барьдаг вэ?

-Би хийсэн болгоноо түмэн олонд тараагаад дуусдаг. Өөртөө авч үлдсэн хөөрөг байхгүй. Харин дээр үеийн хийцтэй нэг хөөрөг хүнээс авч хадгалах санаатай байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. 

Related news