Завханд “Бадархундага 2016” яруу найргийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-29 03:11:29

Завханы шилдэг яруу найрагчдыг тодруулах яруу найргийн 11 дэх их наадам, аймгийн яруу найрагчдын хоёрдугаар зөвлөлгөөн 10 дугаарын 3-5-ны өдрүүдэд Улиастайд болох гэж байна.

Тус наадмыг аймгийн Утга зохиолын нэгдлээс санаачлан хийж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар нь аймгийн Төв музей болон Боловсрол соёл урлагийн газар хамтран ажиллаж байна. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Баян Айраг эксплорэйшн ХХК ажиллаж байна. Тус наадамд урилгаар Төрийн шагналт, МУСГЗ, Ардын уран зхиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, ОХУ-ын Кузбасын холбооны шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Жамсрангийн Баяржаргал, Завхан аймгийн Их-Уул сумын уугуул,  МЗЭ-ийн шагналт, Хутагтуудын хишигт шагналт, Болор цом наадмын тусгай байрын шагналт яруу найрагч Базарсадын Баттулга, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан нарын зохиолч яруу найрагчид оролцох юм.

Наадмыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд 16-аас дээш насны Завхан аймгийн иргэд хаанаас ч хүрэлцэн ирж оролцох боломжтой аж. Наадмын шилдэг яруу найрагч нэг сая орчим төгрөгийн мөнгөн шагнал гардах юм.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Related news