ЗАВХАН: Сум хооронд болон сум дотор далпуу татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-18 12:51:15

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс суманд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийж, нөхцөл байдал хүндэрсэн газруудад далпуу татах ажлыг хийхээр болжээ.


Ойрын өдрүүдэд Завхан аймгийн хойд бүсийн сумдад цас их хэмжээгээр орж, зарим газраар шуурч, сум хоорондын зам болон сум доторх замууд хаагдсан нөхцөл байдалтай байна.


Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй зэрэг суманд нөхцөл байдал нэн хүнд байна. Учир нь малчдад өвс, тэжээл хүргэх, зарим хэрэгцээт хүнсний болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байгаа аж.


Сумдаас багууд руу явах замууд хаагдсан учир замыг яаралтай нээх шаардлага тулгараад байгаа. Иймд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Тэс суманд ажиллаж, хоёрдугаар дугаар сарын 17-18-нд шилжих шөнө аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийлээ.

Хуралдаанд Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан сумын удирдлагууд оролцлоо. Мөн сумдын Онцгой комисс, шуурхай штабын гишүүд өргөтгөсөн хуралд суулаа.


Хурлаар, “Нөхцөл байдал хүндэрсэн сумдын багууд болон Арц суурь боомт руу яаралтай далпуу татах ажлыг зохион байгуулах шатахууны зардал, далпуу татах хүн хүчний цалин, урамшуулал, дулаан хувцас хэрэгслийн хангамжийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэхээр болов. Мөн байгууллагуудын эвдэрсэн автомашин техникийн засвар, сэлбэг хэрэгслийн зардал зэргийг шийдвэрлэлээ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өвс, тэжээл дахин хуваарилуулах, хүчин чадал өндөртэй техник хэрэгслийг түр ашиглах боломж нөхцөлийг хайх талаар дээд шатны байгууллагуудад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээр боллоо.  


Цаашид ч цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа тул Онцгой комиссын гишүүдийг сонор сэрэмжтэй байх, иргэд малчидтай байнгын холбоо харилцаатай байх.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, малчдыг өвс, тэжээл татах, хүүхдээ сургуульд хүргэж өгөхөд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар тус тус чиглэл өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Ирэх долоо хоногт улсын Онцгой комиссын ажлын баг Завхан аймагт ажиллах юм. 

Related news