СҮХБААТАР: Онцгой комиссын гишүүд Түмэнцогт суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-22 13:24:18

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын баг Түмэнцогт суманд ажиллалаа.


Малчдын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал бодлыг нь сонсон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэжмээний талаар мэдээлэл өгсөн юм.


 

Түмэнцогт сум 120 мянга гаруй толгой малтай. Хоёрдугаар сарын 20-ны байдлаар 7000 орчим мянган мал хорогджээ. Өвөлжилтийн байдал баруун урд болон зүүн урд хэсгээр хүндэрчээ. Цас ихтэй мал бэлчээрлэх боломжгүй болсон.  Хохирол амсаагүй малчид ч ховорхон байгаа аж. Ажлын багийнхан арваад өрхөөр орж, млчидтай уулзсан. Малчдын хувьд баг, сум хоорондын замыг нээх нь нэн чухал байгааг хэлж байна. Зам хаагдсаны улмаас өвс, тэжээлдээ залгаж чадахгүй мал сульдаж үхэж байгааг хэлж байв. Мөн сум, багийн дарга нарын хамтын ажиллагаа хангалтгүй байгааг шүүмжилж байна. Өнөөг хүртэл ядаж утсаар холбогдож, мэнд мэдэхийн зэрэгцээ малын хорогдлын талаар асууж лавлаагүй гэв.

 



Тус суманд нэг боодол өвс 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ нөөцгүйн улмаас энэ үнээрээ ч өвс олдохгүй болжээ. Тиймээс өвс, тэжээлийн нийлүүлэлт чухал байгааг малчид уламжиллаа. Харин аймгийн Засаг дарга М.Идэрбат шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сумын удирдлагуудад үүрэг болгож, аймгаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ хэлсэн. Өвсний үнийг 10 мянгаас дээш гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Related news