БАЯНХОНГОР: Тэжээлийн үйлдвэрийн төслийг дөрвөн суманд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-23 16:17:31

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуй эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс санхүүжүүлэн 15 сарын хугацаатай хэрэгжүүлэх “Тэжээлийн үйлдвэрийн төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хурлын зааланд боллоо. 


Гурван аймгийн 13 сумын 45 малчин өрхийг хамруулах тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд төсөлд хамрагдах Жинст, Баянцагаан, Баянхонгор, Өлзийт сумын 20 малчин, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд оролцов.


Тус төслийг хэрэгжүүлснээр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа нэмэгдэл тэжээлийн хэрэгцээ шаардлагыг хангасан, бүрэн найрлагат хүчит багсармал тэжээлээр хангах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд тэжээлийн борлуулалтын цэг байгуулах, 10-15 хүнийг тогтвортой ажлын байраар хангах бөгөөд хүчит тэжээлийг тогтвортой, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, мал тэжээх, шахаж бордох арга зүй эзэмшүүлэх юм байна.



Related news