ТӨВ: “Шороотын” хэмээх овгоороо мөнхөд үлдсэн Чимэдийн Цэвээн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-16 14:07:27

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны гавьяат цолтой жүжигчдийн нэг Чимэдийн Цэвээний мэндэлсний 123 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Ард түмний дунд “Шороотын” хэмээх овгоороо мөнхөд үлдсэн Чимэдийн Цэвээн агсан 1901 онд Богдхан уулын аймгийн Халиугчин боролзой уулын хошууны Аргал жирэм гэдэг газарт одоогийн Төв аймгийн Лүн суманд малчин ардын ууган хөвүүн болон төржээ.

 

1916 онд Да хүрээнд ирж явган цагдаа, дараа нь Алтанбулагт гаалийн хорооны дарга, ардын хувьсгалын эхний жилүүдэд 1922 оноос Нийслэл хүрээнээ театрын анхны бүлгэм, Бөмбөгөр ногоонд жүжигчин болсон байна.

 


Түүний анхны дүр нь С.Буяннэмэхийн “Шөнийн буг” жүжгийн хулгайчийн дүр байсан гэдэг.

 

Дараа нь В.Ивановын “Хятад орноос хүрхрэгтүн” жүжгийн Америкийн усан онгоцны дарга, “Харанхуй засаг”, “Усгүй хар архи”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Шөнийн буг”, “Гурван давхар талхилт”, ”Одоо мэдлээ”, “Гурван хорын хүлээс”, “Өвгөн бүргэд”, “Шарай голын гурван хаан”-ы Гэсэр хаан, Д.Намдагийн "Амь ба амьдралын үнэ"-ийн шар Базар, Э.Оюуны "Гайхамшигт лимбэ"-ийн мангас, Ивановын "14-69 дүгээр хуягт галт тэрэг"-ийн Обабын дүр зэрэг олон жүжигт тоглосон бөгөөд Монголын театрын урлагийн ууган зүтгэлтний нэг байжээ.

 

"Монгол хүү"-гийн Цэвээн, "Сүхбаатар"-ын Баяр гүн, "Цогт тайж"-ийн Гүш хаан зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг чадварлаг сайхан бүтээж, монгол хүний төрх намба, дорно дахины хэмнэл бүхий жүжиглэлтэй, дотоод сэтгэлийн үйлдлийг чадварлаг зохицуулдаг, хэл яриа яруу тод, дуу хоолой цээл тунгалаг, бие бялдар тэгш бадриун, нэг үгээр хэлэхэд бие, сэтгэл, үгийн үйлчлэлийг төгс холбодог жүжигчин байв.  

 

Монголын уран сайхны анхны кино "Монгол хүү"-г бүтээхээр ЗХУ-аас /хуучин нэрээр/ ирсэн мэргэжилтнүүдтэй уулзаж орос хэлээр ярилцахдаа "Хужир түнгэтэй газар" гэсэн үгийг оросууд эс ойлгосонд тайлбарлахдаа "Цагаан шороотой газар" гэж хэлснээс үүдэж "Шороотын Цэвээн" хэмээн нэрлэгдэх болжээ.

 

Тэрбээр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Х.Чойбалсангийн гарын үсэг бүхий Засгийн газрын Хүндэт үнэмлэх, Хөдөлмөрийн хүндэт медаль, 1935 онд БНМАУ-ын алдарт гавьяат жүжигчин цолтой аж.

 

                                                                               Эх сурвалж: Л.Хэнч-Яахав.”Төв аймаг бага толь” 1993. тал 157

 

Related news