ЗАВХАН: Гадаргын усанд хамгаалалтын бүс төлөвлөж, ашиглалтыг хязгаарлах бодлого барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-22 14:39:10

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, хөрсний усны 0.16 хувийг Завхан аймаг бүрдүүлдэг. 


Завхан аймгийн тухайд, нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлж байна. Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг.


Гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар буурчээ. 


Байгаль орчны яамны гаргасан судалгаагаар Завхан аймаг нь гадаргын усны сүлжээ ихтэй боловч цэвэр усны нөөц, Монгол Улсын хэмжээнд гадаргын болон гүний усны нөөцөөр бага аймагт багтжээ.



Тиймээс Монгол улсын усны нөөцийг хамгаалах бодлоготой уялдуулан олон нийтэд ус ашиглалтын талаарх сурталчилгаа, мэдээлэл, нөлөөллийн ажлыг орон нутагт тогтвортой хийж байна.   

Завхан аймгийн гадаргын усны хамгаалалтын бүс нь нийт нутаг дэвсгэрийн 5.8 хувь буюу 483720,4 га талбайг эзэлдэг. Эдгээр гадаргын усны бохирдол, нөөцийг хомсдохоос сэргийлж эдгээр хамгаалалтын бүсэд байгаа газар ашиглалтуудыг шилжүүлэх ажлыг сүүлийн гурван жил эрчимтэй хийж байна.


Түүнчлэн усны нөөцийг хамгаалах ажилд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж байна. Тодруулбал гадаргын усанд хамгаалалтын бүс төлөвлөж, ашиглалтыг хязгаарлах бодлогыг сум, аймгийн түвшинд хэрэгжүүлж байна.

Газрын доорх боломжит усны нөөц бүхий сав газарт олборлох үйл ажиллагаа явуулж буй уурхайн газрууд, эдгээр сав газарт амьдарч буй иргэд усны үр ашигтай ашиглалтыг одоогоос эхлүүлэх нь зүйтэй юм. Гэхчлэн нөлөөллийн ажлыг хийж байгаа талаар Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас нэмж дуулгалаа.  

 

Related news