Т.Жамьянсүрэн: “Шинэ цас” үзэсгэлэнг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахыг зорьдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-02 19:59:25

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн каллиграфчдын холбооноос зохион байгуулж буй "Шинэ цас" шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.


Энэхүү үзэсгэлэнг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн санаачилгаар анх 2008 онд зохион байгуулжээ. Тус үзэсгэлэн тодорхой шалтгааны улмаас хэсэг завсарласан ч өнгөрсөн жилээс сэргээж, өнөө жил 9 дэх удаагаа ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна.  


Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын мэргэжлийн шилдэг 25 уран бичээчийн бүтээлүүдийг дэлгэжээ.


Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр уран бичээч, дизайнер Ц.Тамирын “Тэмүүжин” бүтээл шалгарлаа. Тэрбээр, “Энэ үзэсгэлэнд зориулан гурван янзаар бичиж үзсэн. Энэ бүтээлээ өнгө уусгах техникийг гаргаж бичсэн. 2009 онд анх удаа шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан бол энэ удаа хоёр дахь удаагаа, үзэгчдийн саналаар шилдэг бүтээлийн шагнал хүртсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Үзэсгэлэн нэг долоо хоногийн турш үзэгчдэд нээлттэй байх бөгөөд энэ үеэр уран бүтээлчдийн мастер класс, ярилцлага, уулзалт, хэлэлцүүлэг, үзүүлэн таниулах сургалт зэрэг үйл ажиллагааг хамтатган зохион байгуулах юм.


 Энэ үеэр, каллиграфын мастер Т.Жамьянсүрэнгээс дараах мэдээллийг тодруулав.


 -“Шинэ цас-2024” үзэсгэлэнгийн онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Энэхүү үзэсгэлэнг долоо хоногийн турш хэлэлцүүлэг, мастер класс, ярилцлага өрнүүлж, уран бүтээлчид ур чадвар, арга туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах цэг болгохоор төлөвлөсөн. Уран бичээчдийн бүтэн жилийн хугацаанд бүтээсэн монгол бичгийн үсгийн урлагийн арт бүтээлүүдээс оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулж байгаагаараа бас онцлог гэж хэлж болно.


-Үзэсгэлэнгийн онцлох бүтээлээс сонирхуулна уу?

-Энэхүү үзэсгэлэнгийн нэг өвөрмөц хэсэг гэвэл, 1993 онд Улаанбаатар хотод “Монгол бичгийн орчин үеийн шрифтийн шийдэл” нэртэй, нийт 80 гаруй бүтээлээр том хэмжээний үзэсгэлэн гарч байсан. Тухайн цагт “Тусгал” гэж хамтлаг байлаа. Тус хамтлагийн Т.Аянга, Ч.Одгэрэл, Б.Мөнхдэлгэр нарын нэг ангийн гурван залуу оргилуун, дэврүүн сэтгэлээр ажиллан монгол бичгийн өвөрмөц шийдэлтэй үзэсгэлэнг гаргаж байв. Энэ удаагийн “Шинэ цас” үзэсгэлэнгийн нэлээд хэсгийг тэдний тухайн цагт хийж байсан өвөрмөц шийдэлтэй, орчин үеийн үсгийн бүтээлүүд эзэлж байгаа.

“Шинэ цас” үзэсгэлэн 2023 онд 23, 2024 онд 24 шилдэг уран бүтээлийг сонгоно гэж байсан ч, илүү өргөн хүрээнд, Улаанбаатарын хамгийн өндөр таазтай, хамгийн том гурван танхимд үзэсгэлэнгээ дэлгэж байна.


-Жинхэнэ мэргэжлийн уран бүтээлчид оролцдог гэдгээрээ “Шинэ цас” үзэсгэлэн нэр хүндтэй. Энэ жилийн бүтээлүүдэд ямар шалгуур тавьсан бэ?

-Зарим нэг уралдаан, үзэсгэлэнг монгол бичигт дуртай, эсвэл сонирхогчдын дунд зохион байгуулдаг бол “Шинэ цас” үзэсгэлэнг мэргэжлийн, урлагийн өндөр түвшинд зохион байгуулах зорилго тавьдаг. Монгол бичиг маань жинхэнэ арт байх ёстой. Тийм болохоор графикийн урлагийн, ялангуяа үсгийн урлаг, шрифтийн урлагийн хэм хэмжээ, шалгуураар шилдэг бүтээлийг тодруулдаг. Уран бичээчид ч мөн цэвэр урлагийн төлөө бүтээлээ туурвидаг байх ёстой.   


-Монголын каллиграфын хөгжлийг тодорхойлж хэлбэл?

-Хөгжиж яваа гэж тодорхойлж болно. Каллиграф бол нягт нямбай ажиллагаа, тэсвэр тэвчээр, уран сэтгэмж шаарддаг. Дэлхийн урлагийн түүхийг үздэг мэддэг, тэрхүү мэдлэгээр бялхаж, цатгалдаж байж сайхан бүтээл хийх гэж, сайн түвшинд хүрэх гэж тэмүүлнэ. Мөн дэлхий нийтийн үсгийн урлагийн шинэ чиг хандлага, төрлүүдийг анхаарч, шинийг эрэлхийлж, өргөн талын мэдлэг, сийрэг ухаанаар хандах хэрэгтэй. Түүнээс биш хичээнгүй үсэг ийм байх ёстой, үүнийг л хийвэл боллоо гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн хангалтгүй. Аливааг хямд, хялбараар төсөөлбөл доод түвшинд л байгаад байна. Өсөж хөгжье гэвэл маш их зүйлийг хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ.


-Яагаад “Шинэ цас” хэмээн нэрлэсэн тухайд?

-Дунд нь хэдэн жил завсарласныг тооцвол 10 орчим жил болж байна. Энэ бол цоо шинэ үзэгдэл. Эдгээр уран бүтээлчийн хийж буй үйл ажиллагаа нь нөхөн сэргээх, археологитой адил. Өөрөөр хэлбэл, монгол бичгийн үсгийн урлагийн мэдлэг, уламжлал өнгөрсөн нийгэмд тасарсан. Үсгийн урлаг байх ёстой гэж хүн бүр итгэдэг боловч нарийн мэдлэг нь уламжлагдаагүй. Тиймээс мөхсөн урлагийг сэргээн гаргаж буй эх оронч оролдлого хэмээн тодорхойлж болох юм. Үүнд залуу үеийг чиглүүлж буй багш нар чухал болохоор каллиграфчдын дунд “Миний багш” гэдэг ойрын холбоо л маш их байдаг. Каллиграф бол үсгийн урлагийн гараараа бичиж, бүтээж туурвиж буй төрөл юм. 












Related news