Наадмын нээлтийг найруулах саналыг 10 хүнд хүргүүлснээс гурав нь хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-02 16:21:57

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал Төрийн ордонд боллоо.


Уг хурлаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг нээх, хаах ёслолын найруулагчийг сонгон шалгаруулжээ. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллах саналыг 10 найруулагч, долоон продюссерт хүргүүлжээ. Гэвч тэднээс гурав нь саналыг хүлээн авч, материалаа өгсөн байна. Найруулагчдаас “Херо”-гийн Б.Баатар, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар хүсэлтээ ирүүлээгүй аж. Түүнчлэн “Орфей” найруулагч М.Батболд энэ зун шинэ түүхэн жүжгийн ажилтай учраас сонгон шалгаруулалтаас нэрээ татжээ. Тиймээс энэ жилийн хувьд найруулагч Б.Анар, Ц.Батнайрамдал нарын хооронд өрсөлдөөн өрнөж байгаа аж.


“Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар “Мөнхөд мандах миний Монгол” сэдэвт нээлт хийх төсөл бичиж ирүүлжээ. Түүний хувьд Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар ажилласан билээ. Харин Ц.Батнайрамдал “Эх дэлхий эх оршихуй цадиг” сэдэвт төслөөр сонгон шалгаруулалтад оролцож байгаа юм. Түүний хувьд 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан юм.


Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Ж.Дамдинцэрэн, зөвлөхөөр нь түүний аав Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровыг ажиллуулахаар ярьж байгаа аж.

Related news