ТӨВ: Хараа шалгах сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-02 16:40:25

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн насны онцлогт тохируулан хараа шалгах чадварыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэж байна.

 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, ORBIS олон улсын байгууллагаас “Сургууль цэцэрлэгийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Төв аймгаас Хүмүүн цогцолбор сургууль, Дөрөвдүгээр сургууль, Тавдугаар сургууль, Батсүмбэр сумын сургууль, Хүмүүн цэцэрлэгийг сонгон багш, нийгмийн ажилтан, эмч нарыг сургагч багшаар бэлтгэж байна.

 

Сургалтын агуулгын хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд багачуудад ч мөн нүдний эрүүл мэндийн боловсрол олгох юм.

 


Тус сургалтыг Английн хараа зүйн шинэ коллежийн профессор Брюс Мур, Швейцарын Биоком компанийн захирал, доктор Кеннет Ёонстейн, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр, хүүхдийн нүдний эмч Г.Нансалмаа, Анагаах ухааны магистр, нүдний эмч Л.Түмэнжаргал нар удирдан явуулж байна.




Гурван жилийн турш хэрэгжих уг төслийн үр дүнд сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд хүүхдийнхээ насны онцлогт тохирсон аргачлалаар хараазүйн эмгэг, харааны бэрхшээл байгаа эсэхийг мэдэх хэмжээний мэдлэг, ур чадвартай болсон байх талаар зохион байгуулагчид онцолж байв.


Төслийг Улаанбаатар хотын нэг дүүрэг, зургаан аймгийн 33 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 37400 хүүхдийг харааны үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.

Related news