Нэн ховордсон төрөл зүйлийн жагсаалтад Хавайн зөгий багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-10-04 09:51:58

ВАШИНГТОН. /BBC/. Хавайн уугуул шар нүүрт зөгийн долоон төрөл зүйл АНУ-ын нэн ховордсон болон устах аюулд өртсөн амьтдын төрөл зүйлийн жагсаалтад анх удаа багтжээ.

Байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар, хээрийн түймэр болон өөр газар орноос шавьж хорхой авчирч, ургамал тарьснаас үүдэн зөгийнүүдийн амьдрах орчин эвдэгдсэн байна. Энэ нь зөгийнүүдийн тоо эрс цөөрөхөд хүргэжээ. Хавайн нэн ховордож буй ургамлуудад тоос хүртээхэд ийм зөгийнүүд чухал үүрэгтэй юм.

“Xerces Society” гэдэг байгаль хамгаалах бүлгэмийн судлаачдын хэдэн жилийн турш явуулсан судалгааны үндсэн дээр дээрх төрлийн зөгийнүүдийг нэн ховордсон төрөл зүйлийн жагсаалтад оруулсан байна.

“Xerces”-ийн хөтөлбөрүүд хариуцсан захирал Сарина Жепсоны ярьснаар, шар нүүрт зөгий дэлхий дээр хаа сайгүй байдаг боловч жагсаалтад орсон зөгийн төрлүүд нь зөвхөн Хавайд байдаг аж.

Жагсаалтад орсон эдгээр зөгийнүүдийг уугуул бус зөгийнүүдтэй үржилд оруулж болох боловч хэрэв уугуул зөгий устаж үгүй болох аваас бусад зөгийнүүд ч мөн адил устаж үгүй  болно гэж тэрбээр ярьж байна. 

Эдгээр зөгийнд хамгийн ихээр заналхийлж буй амьтад гэвэл зэрлэг гахай болон шоргоолжнууд ажээ.

Мөн зөгийний тоо хурдацтай цөөрөхөд нөлөөлж буй бусад хүчин зүйлүүд гэвэл, далайн эрэг орчмын зарим газарт дэгддэг гал түймэр, газар ашиглалт, түргэн тархацтай ургамлын төрлүүд юм.  

Эдгээр зөгийний төрөл зүйлийг дээрх жагсаалтад оруулахад бараг 10 жилийн хугацаа орсон гэж Хавай дахь “Xerces”-ийн ажилтан, шавьж судлаач Карл Манакка хэлжээ.

Х.Сарнай

 

 

 

Related news