ӨВӨРХАНГАЙ: “Өндөр Богдын өргөө”-нд монгол гэрийн өв соёлыг түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-07 15:56:45

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Монгол гэр” үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “Өндөр Богдын өргөө” гэрээр оролцож байна. 


Уг өргөөнд “Нүүдэлчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол гэрийн бүтэц, гэр барих, буулгах, унь өлгөх, хана боох, бүслүүр татах зэрэг уламжлалт зан үйлийг зочид, хүүхэд залууст тайлбарлан таниулж байгаа юм.


Тухайлбал, Бат-Өлзий сумын өвлөн уламжлагч П.Төмөрбат монгол гэрийг зургаа дахин багасгаж урласан, бүрэн тавилгатай монгол гэрийг урлалын багаж хэрэгслийнхээ хамт танилцуулж байгаа бол Баруунбаян-Улаан сумын өвлөн уламжлагч Д.Мандах, Т.Наран нар тэмээний ноосоор утас ээрэх, дээс томох, унины солго, баганы боолт, эмээлийн олом, морь, тэмээний ногт, аяганы уут, тавгийн уут зэргийг томох, ширэх уламжлалт аргыг зааж, соёлын өвийн боловсрол олгож байна.



Уянга хийцийн гэр чимэглэлийг өндөр түвшинд урладаг Арвайхээр сумын өвлөн уламжлагч Г.Амирдаабазар найман ханатай гэрийн загвар зураг, өнгө, будгийн хослолыг гарган олны мэлмийг баясгаж байгаа бол Өвөрхангайн зураач, урлаачдын “Барт хүрээ” ТББ-аас уламжлалт модон барын урлалыг түгээн дэлгэрүүлж, аймгийн музейд хадгалж буй хуучны барын дардсыг танилцуулан хүүхэд залуус, жуулчдад өөрсдөө барлаж үзэх боломжийг олголоо.


Түүнчлэн Хархорин сумын “Эрдэнэсийн хүрээ” ТББ-аас калиграфи уран бичлэгээр соён гэгээрэл, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 



Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан “Монгол гэрийн урлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хуралд аймгийн СУГ-ын хэлтсийн дарга, доктор (Ph.D) Л.Пүрэвлхам “Уянгын гэр урлалын өвийг соёл судлалын үүднээс авч үзэх нь” илтгэлийг тавив. Тэрбээр “Уянга сумын өвлөн уламжлагчид гэрийн мод эрээлэх буюу чимэглэх урлал, Бат-Өлзий сумынхан гэрийн мод сийлбэрлэх урлал, Хархорин, Арвайхээр сум гэрийн эсгий, оосор, бүслүүрийн урлалыг өвлөн орон нутагтаа уламжлан дэлгэрүүлж байгааг онцлон танилцуулсан юм. 


Одоогоор улсад алдартай Уянга хийцийн гэрийг сумандаа үйлдвэрлэж буй таван өрх байгаа бол Бат-Өлзий суманд 20 бүлийн 500 орчим үйлдвэрлэгч дэвшилтэт технологи ашиглан хоршин ажиллаж, жилд 5000 гаруй гэрийг урлан Монголын зах зээлд гаргаж байна. Цуулбар унь, ханыг усанд хатааж,  түүний давирхай, амь чийгийг гаргах нь мөн энэ нутгийн гэр урлалын үйлдвэрлэлийн онцлог гэдгийг Л.Пүрэвлхам илтгэлдээ танилцууллаа. 


Артелаас улсын үйлдвэр болтлоо хөгжсөн Хужирт сумын гэр үйлдвэрлэгчид 450 орчим байгаа ба гэр урлалын өвийг Сэлэнгэ, Завхан, Говь-Алтай аймагт түгээн дэлгэрүүлжээ. “Монгол гэр” үзэсгэлэн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 


Related news