ГОВЬ-АЛТАЙ: Зохиолч, яруу найрагчдын гар бичмэл, гарын үсэгтэй номоор үзэсгэлэн дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлахаар 35 дахь удаагийн номын баярыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэхээр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” нэрийн дор энэ өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулж байгаа юм.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” үйл ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан болон өв соёлын танхимд тавдугаар сарын 1-19-ний өдөр хүртэл номын төрөлжсөн үзэсгэлэн, иргэдэд зориулсан соёл олон нийтийн ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл тавдугаар сарын 17-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг “Мазаалай” театрт зохион байгуулж, Нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор ном, судар хийгээд Алтай нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын гар бичмэл, гарын үсэгтэй ном, шинэ ном, хүүхдийн номуудаар үзэсгэлэн дэлгэжээ.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” үйл ажиллагааны нээлтийн үеэр 2023 он гарсаар хамгийн олон ном уншсан тэргүүний уншигч, тэргүүний хамт олныг шалгаруулж шагнаж урамшуулсан юм. Тодруулбал, шилдэг уншигч сурагчаар: Хантайшир Эрдэм цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Эрдэнэсувд 40 ном, гуравдугаар сургуулийн 3г ангийн сурагч З.Номуун 45 ном, нэгдүгээр сургуулийн 10д ангийн сурагч Ж.Анар 42 ном уншиж хамгийн олон ном уншсан шилдэг уншигчаар шалгарсан юм.
Харин шилдэг насанд хүрэгчдийн ангилалд Есөнбулаг сумын өндөр настан Ц.Нанжид 2023 онд гэрээр ном олгох тасгаас 98 ном авч уншиж, хугацаа хэтрүүлэлгүй идэвхтэй сайн уншсаныг нь үнэлж “Шилдэг уншигч”-аар шалгаруулсан бол шилдэг уншигч байгууллагаар Б.Наранцэцэг эрхлэгчтэй 7 дугаар цэцэрлэгийн хамт олон 108 зохиолын номоор үйлчлүүлж шалгарчээ.
Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн Хүүхдийн уншлагын танхимаар ихэвчлэн 1-8 дугаар ангийн сурагчид үйлчлүүлдэг бөгөөд тэд ихэвчлэн үлгэрийн болон уран зохиол, танин мэдэхүйн ном уншдаг байна. Хүүхдийн уншлагын танхимын фондод 9000 гаруй ном хадгалагдаж байгаа тухай Нийтийн номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын номын санч Ч.Бямбадорж онцлон хэллээ.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” үйл ажиллагааны хүрээнд үндэсний бичгээ өвлөн бахархъя хэл бичгийн өртөөлчилсөн уралдаан, уран бийр хэл бичгийн өртөөчилсөн уралдаан, урнаар уншихуй шүлгийн уралдаан, шидэт урлал номтой холбоотой бүтээлч үйлдэрлэлийн уралдаан, үлгэрийн баатруудыг хэн сайн амилуулсан бэ уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж урамшуулна.