АРХАНГАЙ: 13 га талбайд 26 мянган шинэс тарив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган,
2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Тэрбум
мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар
Урд Тамирын голын эрэг дагуу 4 га талбайд ойн зурвас байгуулж, 4100 улиас тарьжээ.
100 хувийн амьдралттай ургуулахын тулд усалгаа, арчилгааг
маш сайн хийж байгаа ба ААНБ-ууд долоо хоног бүр тарьсан модоо усалж байна.
Аянд аймгийн төвийн 105 байгууллагын 2733
гаруй хүн
оролцож, өөрсдийн хуваарьт талбайд мод тарьжээ.
Энэ ажил нь гол мөрний урсац
бүрэлдэх эх, эрэг, булаг шанд орчмыг ойжуулж усны
нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг багасгах зорилготой.
Мөн Цэнхэр сумын Сум дундын ойн ангийн хариуцдаг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумын ойн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 ойн мэргэжлийн байгууллага Булган сумын нутагт байгалийн аясаар сэргэн ургах чадваргүй болсон 13 га талбайд зориудаар мод тарих ажлыг дуусгасан ба 26 мянган шинэс мод тарьж арчилж байна.
Хаврын мод тарих хугацаа 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд байдаг учраас анги хамт олон, төгсөгчдөөрөө нийлж, төгөл байгуулан мод тарьсан, суманд хэдэн мод тарьсан зэрэг мэдээлэл аймгийн БОАЖГ-т бүртгэгдэж байна. Ийм учраас аймгийн хэмжээнд хэдэн мод тарьсан тухай мэдээлэл ирэх 6 дугаар сард гарна гэлээ.
/"Архангай-100" ногоон төгөл/
Өнгөрсөн хавар аймгийн 100 жил болохтой холбогдуулж, аймгийн нэгдсэн хогийн
цэгийг цэгцэлж, 8 га газарт 9000 гаруй мод тарьсан нь 100 хувийн ургалттай
байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.