Хариуцлагатай уул уурхайн “Холбогд, хамтар, үнэ цэн бий болго” чуулган зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-29 16:57:37

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн өгөөж, ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хариуцлагатай уул уурхайн талаар “Холбогд, хамтар, үнэ цэн бий болго” чуулганыг 10 дугаар сарын 10-12-нд зохион байгуулна.


Уул уурхайн ханган нийлүүлэгч, олон улсын компаниуд оролцох уг чуулган нь сэргээгдэх эрчим хүч, тогтвортой үйл ажиллагаа, хүлэмжийн хийг бага түвшинд байлгах, дахивар хог ашиглах, хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалах зорилго агуулжээ. Нийт 90 мянган кв/м талбайд үзэсгэлэн зохион байгуулна. Мөн уул уурхайн худалдан авалтын шаардлага танилцуулах, санхүүгийн боломжтой, гадаадын хөрөнгө оруулагч өөрсдийн нөхцөл байдлыг тайлагнах, ханган нийлүүлэгчид тоног төхөөрөмжийн хүчин чадлыг харуулж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, дугуй ширээний уулзалт хийх, манай улс дахь ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд санхүүгийн болон кластер бүтээгдэхүүнээ сурталчлах, олон улсын бизнес эрхлэгчид урьдчилан цаг тохирч уулзах зэрэг үйл ажиллагааг өрнүүлэх юм.


Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гишүүн компаниуд өчигдөр уулзаж ярилцсан бөгөөд энэ үеэр Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа өнгөрсөн оны ажлаа тайлагнахдаа, “Манай орны нийт нутгийн газар ашиглалтын 70 орчим хувийг ХАА, 10 орчим хувийг ойн сан эзэлдэг. Харин 3.8 хувьд нь уул уурхайн лиценз олгосон ч хөрөнгө оруулалт байхгүй зэрэг шалгааны улмаас 0.25 хувь нь л эдэлбэр газарт хамаардаг. Мөн ус ашиглалтын 28 хувийг унд ахуйд, 59 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг уул уурхайн эзэлж байна. Цөлжилт нэмэгдэж байгаа нь бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээрийн менежмент байхгүйтэй холбоотой юм. Иймд ард иргэдийн дунд уул уурхай цөлжилтийг ихэсгэдэг гэх ойлголтыг өөрчлөх цаг болсон. Уул уурхай нь хамгийн дэвшилтэт техник, технологи ашигладаг салбарын нэг учир ус дахин ашиглах зэрэг байгаль, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологи нэвтрүүлсээр байна. Бид олон улсын “Дисковер Монголиа”-г 20 гаруй жил амжилттай зохион байгуулсны дүнд хөгжлийн түнш орны томоохон компаниуд манайд хөрөнгө оруулж хайгуул хийж байсан билээ. Салбарын үйл ажиллагааг хариуцлагатай, тогтвортой байлгах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах хэрэгтэй байна” хэмээв.


Дэлхийн чиг хандлагатай уялдсан ажлын байр, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын мэргэжилтэн бэлдэхэд анхаарч “Ирээдүйн инженерүүд” санаачилгыг хэрэгжүүлж байгаа аж. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, нутгийн иргэд, төрийн байгууллага ямар эрх үүрэгтэй, хэрхэн хамтарч ажиллах, урт хугацааны тогтвортой байдлын тухай ойлголт өгөх зорилгоор бүсийн чуулган зохион байгуулах юм. Уул уурхайн ассоциац өнгөрсөн 30 жилд гадаадын хөрөнгө оруулалт татаж, олон шинэ өөрчлөлт, сайн туршлагыг эх орондоо нутагшуулахыг хичээснийг тэрбээр онцлоод, “Бид алт гэлтгүй чухал ашигт малтмал (critical mineral)-ыг эрж хайх хэрэгтэй байна. Гэтэл геологийн хайгуулын лицензийн тоо уул уурхайн олборлолт, ашиглалтынхаас цөөн байна. Иймд хууль эрх зүйн орчноо сайжруулж, хайгуулын судалгааг томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар эрчимжүүлэх ёстой”-г хэлж байлаа.  


Хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн газруудыг нөхөн сэргээж буй сайн туршлагууд байна. Тухайлбал, Оюутолгой компани Сэлэнгэ аймгийн Ялбаг голын хөндийд ашигт малтмал олборлолтоос үүдэж эвдэрсэн, байгаль өөрөөрөө нөхөн сэргэх боломжгүй болсон талбайг нөхөн сэргээж орон нутагт нь хүлээлгэн өгсөн юм

Related news