ТӨВ: Сагс сүлжих гар урлалын сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-01 15:48:55

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. "Аз жаргалтай эмэгтэй" клубээс өнөөдөр 11.00 цагт Хүүхэд залуучуудын ордонд сагс сүлжих гар урлалын сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг сүлжмэл гар урлаач Д.Байгалмаа удирдан явуулж, 29-58 насны 10 эмэгтэй хамрагдав.

 

Сургалтад сонины цаасаар жимс, ногооны сагс, чихрийн таваг, гэрийн чимэглэл хийх аргыг заасан юм.

 


Энэхүү сургалтыг иргэдэд эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хувиараа орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулав.

 

Сургалтад оролцсон 58 настай Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн иргэнээс сэтгэгдлийг тодруулахад, “Тэтгэвэртээ гарсан цагаас олон нийтийн үйл ажиллагаанд илүү их оролцох хүсэлтэй болсон. Өнөөдрийн сургалтаар маш сонирхолтой зүйлсийг сурлаа. Цаашид мэргэшиж илүү их бүтээл хийж, гэрээ гоё болгох хүсэл төрлөө. Боловсронгуй болгож чадвал бэлэг бэлдэж, худалдан борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна” гэв.

 

Мөн зохион байгуулагчдын зүгээс сар бүр хэвшил болгож, ийм төрлийн сургалтыг зохион байгуулна гэсэн юм.




 

Related news