СҮХБААТАР: Залуу хос орон нутагтаа хүүхдийн тоглоомын анхны төвийг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-13 17:36:41

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Э.Улсболд, М.Нямдэлгэр нар эзэмшсэн мэргэжлээрээ орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуу гэр бүлийн төлөөлөл. Хүүхдээ тоглуулж, чөлөөт цагийг нь зугаатай өнгөрүүлэх газар орон нутагт хомс байгааг тэд олж харжээ. Тиймээс орон нутагтаа тоглоомын төв байгуулахаар зориг шулуудсан байна. 



Тус төв одоо найман тоглоомтой12 хүртэлх насны хүүхэд тоглох боломжтой учир бүх тоглоом стандартад нийцсэн, насны онцлогт нь тохирсон, мөн хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ.


Нутагтаа ирээд удаагүй, дөнгөж шинээр эхэлж буй бизнес учир ямар нэг хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй. Хэдий тийм ч нэгэнт тоглоомын төв нээхээр зориглосон болохоор Улаанбаатар хотын тоглоомын төвүүдийг багагүй судалж, гэр бүлийнхээ хүнтэй хамтран зүтгэсээр "Ирмүүн" төвийг нээсэн байна. Анх хүүгээ бодсон сэтгэлээр тоглоомын төв нээх санаа төрж байсан бол одоо тэд Сүхбаатарынхаа нийт хүүхэд багачуудад зориулсан тоглоомын төв болгохоор зорьж байна.


Цаашид илүү тохижуулж, олон төрлийн тоглоомтой болгохоор төлөвлөжээ. Ингэхийн тулд зургаан сараас нэг жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, төрөөс гарааны бизнест үзүүлдэг дэмжлэг, хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах нь чухал байгааг Э.Улсболд ярилаа.


Энэ бол орон нутагтаа шинэ, хүн бүрийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ юм. Нээлтээ хийгээд удаагүй ч үйлчлүүлэгч тасрахгүй,  хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд ч талархалтай байгаа нь залуу гэр бүлд маш их урам өгч байгаа гэнэ.








 

Related news