СҮХБААТАР: 50 хоршоонд 5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-19 21:35:56

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 6 дугаар сарын 14-ний байдлаар 5350 хоршоо байгуулж, 632 нь 70 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүнээс зүүн бүсэд тавь гаруй хоршоонд таван тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.


Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Зүүн бүсэд мал аж ахуй, үйлдвэр технологийн парк байгуулах, дэд бүтцээр холбох томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Зүүн гурван аймагт сүүлийн хоёр жил дамнан байгалийн гамшиг, цас зуд тохиож мал ихээр хорогдсон. Энэ хүнд үед Засгийн газраас мал аж ахуйн салбарт, малчдад онцгойлон анхаарч ажиллаж байгаагийн бодит үр дүн бол “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн явдал гэж ХХААХҮЯ-ны ажлын албанаас танилцууллаа.


Харин Уулбаян сумын иргэн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, “Монгол бол мал аж ахуйн орон. Мал аж ахуйг төр, засаг нэгдүгээрт тавьж, анхаарал хандуулж байгаа нь маш зөв. Малчид бид төр эзэнтэй гэдгийг мэдэрч байна. Нэг жилийн хугацаанд эргэн төлөлт хийхгүйгээр зээл олгоно гэдэг бол сэтгэл гаргаж, нэгдэн нийлж чадвал малчдад зөв жишиг болно” гэв. 

Related news