БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуурын хүн чулууг Уйгурын үед хамааралтай хэмээн үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-07-03 11:02:15

Өлгий, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд хоёр хүн чулуу байдаг. Тэдгээрийг сумын төвөөс урагш орших Ямаат Улаан орчмоос авч ирсэн байна.   

 

Эхний хүн чулууг нь цайвар саарал өнгийн боржингоор босоо хүний дүрс оруулан урлажээ. Өргөн нүүртэй, урт шувтан эрүүтэй. Хоёр чихэвчийг нь дээш сөхсөн дугариг малгай өмссөн, жирэвгэр хөмсөгтэй, хөмсөгний уулзвараас урт шулуун хамрын зураасыг нэг үргэлж гүвгэрээр дүрсэлсэн. Нүд нь том, зууван хэлбэртэй бөгөөд дунд нь аньсага гаргажээ. Сахалгүй, хонхор зураасаар жижигхэн ам дүрсэлсэн байна. Хөмсөгний хоёр үзүүрээс чихэн дээгүүр дугуйран үргэлжилсэн зураас гаргасан нь үсний захыг харуулсан бололтой. Чихийг хоёр үзүүр нь дотогш эргэсэн тал дугуй хэлбэрээр товойлгон дүрсэлж бөөрөнхий унжлага онгин сэнжтэй ээмэг зүүлгэжээ.

Цээжинд хувцасны зах заам гаргаагүй бөгөөд хоёр гараа тохойгоор нугалан гэдэсний өмнө шулуун хүзүүтэй тэгш ёроолтой цүндгэр ваарыг хоёр бөөрнөөс нь дөмнөн барьжээ. Ваар барьсан хоёр гарын таван хурууг тодорхой гаргасан агаад баруун гарын бугуйнаас дээхэн ханцуйн хязгаар бололтой хөндлөн зураас бий. Ханцуй нь бугуй орчмоор бариу, харин тохой орчимд нэлээд өргөсөж хүлхийснээр дүрсэлжээ. Бүс болон зэвсэг зүүлт байхгүй. Хүн чулууны өвөр, хоёр хажууг нэлээд сайн засаж янзлаад ар талыг төдий л сайн засаж янзлаагүй байна.


Хоёр дахь хүн чулууг улбар шар өнгийн боржингоор босоо хүний дүрс гарган хийжээ. Хүн чулуу ерөнхийдөө бүтэн боловч нүүрэн тал нь гадуураа энд тэндээ сэвтэж холтроод зарим дүрслэл нь тодорхойгүй болжээ. Толгойд нь хавтгай оройтой, урдаас нь харахад бортого хэлбэртэй малгай өмсгөжээ. Өргөн дугариг царайтай, шувтандуу урт эрүүтэй. Хоёр нүдийг зууван хэлбэртэйгээр нэлээд ойрхон дүрсэлжээ. Нүдний доод зовхиноос хамрын зураас үргэлжилжээ. Хонхор зураасаар жижигхэн ам, тал дугуй хэлбэртэй чих дүрсэлсэн нь мэдэгдэнэ. Цээжинд нь доош унжсан хоёр хөх гаргасан нь эмэгтэй хүний дүрс болохыг гэрчилнэ. Хоёр гараа тохойгоор нугалан цээжний өмнө ямар нэгэн сав барьж байсан бололтой бөгөөд чулууны гадарга гэмтсэнээс уг савын хэлбэр, гарын хуруу мэдэгдэхгүй болжээ.


Дээрх хоёр хөшөөний хийц дүрслэлийг ажиглахад эхнийх нь эрэгтэй, хоёр дахь нь эмэгтэй хүнийх болох нь тодорхой мэдрэгддэг бөгөөд VI-VIII зууны түрэгийн хүн чулууны сонгодог хэлбэрээс нэлээд өөр байдалтай хэмээн эрдэмтэд тайлбарладаг. Ийм хэлбэрийн хүн чулуу ОХУ-ын Бүгд Найрамдах Тува  Улсын нутгаас олдож байжээ. Судлаачид үүнийг IX-X зууны үед хамааралтай хэмээн үзэж байна. 

Related news