Ж.Безос хувьцаагаа дахин заржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 4 /BBC/. “Амазон” компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн асан Жефф Безос компанийнхаа хувьцааг дахин заржээ. Энэ удаад тэрбээр 5 орчим тэрбум ам.доллароор хувьцаагаа зарсан гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) мэдүүлсэн байна.
Тэрбээр долоодугаар сарын 2-ны өдөр 25 сая ширхэг хувьцааг 4.93 тэрбум ам. доллароор зарсан байна. SEC-т мэдүүлсэн баримт бичгээс үзвэл Ж.Безос хоёрдугаар сард 50 сая ширхэг хувьцаагаа 8.458 тэрбум ам.доллараар заржээ. Өнгөрсөн онд тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын эцэс гэхэд “Амазон” компанийн 50 сая хүртэлх ширхэг хувьцааг зарж магадгүй гэж мэдэгдэж байв.
“Амазон” компаний зах зээлийн үнэлгээ зургаадугаар сарын сүүлээр түүхэндээ анх удаа 2 их наяд ам.долларыг давж, зах зээлийн үнэлгээ нь эл босгыг давсан АНУ-ын тав дахь компани болсон юм.
Блүүмбергийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, Ж.Безос 219 тэрбум ам.долларын хөрөнгөөр манай гаргийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.