БУЛГАН: Аймгийн баяр наадам дэлгэр сайхан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-08 12:11:47

Булган, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Булган аймаг байгуулсны 86 жилийн ойн баяр наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ.













Аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, холбогдох албаны хүмүүс Цогт Хунтайжийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.














Шагайн харвааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нар оролцож баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ жилийн баяр наадамд Булган, Архангай, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын 41 багийн 340 гаруй харваач онч мэргэнээ сорихоор хүрэлцэн ирж оролцож байна.






Булган аймгийн дээд шагнал “Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар Бүрэгхангай сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Даржаагийн Цэрэннадмидыг шагналаа.


Тэрбээр Булган аймгийн Цогтын цагаан байшин буюу Сэтгэшгүй чандмань сүмийн туурийг засах, хамгаалах, халхын Цогт хунтайжийн гэрэлт хөшөө, Дуутын хадны шүлгийн тухай судалгаа хийж, олон нийтэд сурталчлан түгээж, эх бичиг, түүх соёлоо хайрлан хамгаалах чиглэлээр ажиллахын зэрэгцээ “Дайчин вангийн эрчүүд”, “Ханд вангийн хүүхнүүд”, “Булган хангайгаа зориход”, ”Аав нутаг хоёр минь” дуугаараа ард түмний хүндлэлийг хүлээсэн билээ.



Өсвөрийн сурын харваанд Булган, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймгийн эрэгтэй 17, эмэгтэй 24 өсвөрийн харваач оролцож байна.







Хурдан шүдлэнгийн уралдаанд 92 хурдан ажнай тоосоо өргөснөөс

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу уяач Д.Ган-Эрдэнийн хээр халзан түрүү магнай

Төв аймгийн Эрдэнэсант сумын залуу уяач Т.Товуудоржийн халтар аман хүзүү

Булган аймгийн Баян-Агт сумын залуу уяач М.Даваадоржийн хээр айргийн гурав

Орхон аймгийн Баян-Өндөр сумын залуу уяач Л.Отгонтулгын Цолмон цоохор айргийн дөрөв

Булган аймгийн Орхон сумын залуу уяач С.Хатанбаатарын халтар айргийн тавд хурдалж, хурсан олон наадамчдаа баясгалаа.










Их насны морьдын уралдаанд 78 хурдан ажнай тоосоо өргөлөө.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу уяач А.Буяндэлгэрийн халтар түрүү магнай

Булган аймгийн Сайхан сумын залуу уяач Д.Гантулгын хүрэн аман хүзүү

Булган аймгийн Могод сумын сумын алдарт уяач Н.Лхагвадоржийн хүрэн халзан айргийн гурав

Булган аймгийн Бүрэгхангай сумын аймгийн алдарт уяач Б.Баатарсайханы буурал айргийн дөрөв

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу уяач Д.Ган-Эрдэний хонгор айргийн тавд хурдаллаа.











Related news