БАЯН-ӨЛГИЙ: Залуучууд төгсөлтийн ойгоороо цэцэрлэгт хүрээлэн байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-07-11 09:47:49

Өлгий, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөгчид төгсөлтийн ойгоороо орон нутагт бүтээлч ажил хийдэг уламжлал тогтож байгаа.


Тухайлбал, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2003 оны төгсөгчид өнгөрсөн онд бүрэн дунд сургууль төгссөний 20 жилийн ойн баяраараа Өлгий сумын нэгэн гудамжийг 250 орчим сая төгрөгөөр гэрэлт гудамж болгон тохижуулсан. Тус гудамж нь аймгийн төвийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг нэгэн газар болж олны талархлыг хүлээж байна.


Харин 2004 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид энэ жил сургууль төгссөний 20 жилийн ойгоо тохиолдуулан Өлгий хотын төвд 1 га талбайд “Өлгий цэцэрлэгт хүрээлэн”-г барьж өчигдөр нээлтийг нь хийлээ.  Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөвт өртөг нь 1 тэрбум төгрөг бөгөөд шаардагдах санхүүжилтийг төгсөгчид хандиваар босгосон байна.


Цэцэрлэгт хүрээлэн хөл бөмбөгийн талбай, 3х3 сагсан бөмбөг болон бага насны хүүхдийн тоглоомын талбайтай. Мөн авто машины зогсоол, гэрэлтүүлэг, иргэд амарч суух сандал, сүүдрэвч зэргийг төлөвлөж өгчээ.


Талбайн төв хэсэгт 30 метр өндөр баганад одоогоор манай улсад хамгийн томд (6х4 метр) тооцогддог, 3 жил өнгөө алдахгүй материалаар хийсэн төрийн далбааг мандуулснаараа тухайн бүтээн байгуулалт онцлогтой болсон байна. 







Related news