ХОВД: Сурын харваанд 200 гаруй харваач оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-12 17:32:05

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын сурын харваанд 200 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо. 


Энэ удаагийн тэмцээнд манлайлж, цол, чимэг нэмсэн харваачийг танилцуулж байна.     

 

Урианхай сурын харвааны төрөлд: "Ховд ЦТС" компанийн харваач Мөнгөнболдын Галбадрах 30  сумаас 23 онож, аймгийн мэргэн цол хүртлээ. 

  

Үндэсний сурын харвааны эрэгтэй ангилалд: "Бүтээмж Тауэр" ХХК-ийн харваач Эрхэмбаярын Хосбаяр 40 сумаас 32 онож,  аймгийн Мэргэн цолны болзол хангасан бол спортын дэд мастер, аймгийн гоц харваач Даваагийн Бат-Эрдэнэ 40 сумаас 31 оносон амжилтаар аймгийн гарамгай харваач цолоор шагнуулжээ. 


Харин спортын дэд мастер Баатарын Мөнхжаргал 40 сумаас  30 онож,  аймгийн гоц мэргэн цол,  ЗӨСТ-ийн харваач Пүрэвсүрэнгийн Галцог 40 сумаас 30 оносон амжилтаар аймгийн онч мэргэн цолтон болов.

 

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Хантайшир сумын харьяат Хантайшир зурхай, Эрүүл мэндийн газрын харваач, сумын мэргэн Чулуундүгэрийн Амартүвшин 40 сумаас 30 онож, тод харваач цол  хүртлээ.


Эмэгтэй ангилалд: Цаст-Алтай сургуулийн харваач аймгийн гарамгай харваач Батхүүгийн Цэцэгмаа 40 сумаас 31 оносон амжилтаар аймгийн мэргэн цол, "Алтайн шонхор" багийн харваач, сумын мэргэн Зэвгээгийн Уянга 40 сумаас 26 онож, аймгийн гоц харваач цол хүртлээ.  

 

Сурын харвааны хүүхдийн эрэгтэй ангилалд Дуут сумын сургуулийн 7а ангийн сурагч Баянмөнхийн Пүрэв-Эрдэнэ  өсөх идэр мэргэн цолоор шагнуулсан бол  эмэгтэй ангилалд Жаргалант сумын Зургаадугаар сургуулийн 9в ангийн сурагч Ганчимэгийн Тэгшбуянт манлайлж, идэр мэргэн цолоор шагнуулсан юм. 


Related news