Умард Солонгосоос “урван зугтагч”-ийг дэд сайдаар томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-19 15:49:57

СӨҮЛ, 2024 оны долоодугаар сарын 19 /DW/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёль Умард Солонгосын дипломатч асан Тэ Ёнхог ерөнхийлөгчийн дэргэдэх хоёр Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн зөвлөлийн даргаар сонгосон тухай Ёнап агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.


Ингэснээр Тэ Ёнхо Өмнөд Солонгост ирж суурьшсан Умард Солонгосын 34 мянган иргэний дотроос хамгийн өндөр албан тушаал хашиж буй хүн, Өмнөд Солонгосын дэд сайдын албан тушаалд томилогдож буй Умард Солонгосоос зугтан ирсэн анхны хүн болж байна.


Хоёр Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн зөвлөлийн шинэ тэргүүний хувьд Тэ Ёнхо хоёр Солонгосыг энх тайвнаар нэгтгэх талаар зөвлөгөө өгөх ажээ. Тэр бол либерал ардчилалд суурилсан энх тайвнаар нэгдэх бодлогыг боловсруулах, дотоод ба гадаадаас дэмжлэг авахад туслах хүн мөн” гэж Юн Сог Ёлийн ажлын албаны мэдэгдэлд дурджээ.


1962 онд Пёньянд төрсөн Тэ Ёнхо Лондонд суугаа Умард Солонгосын Элчин сайдаар ажиллаж байжээ. 2016 онд Өмнөд Солонгос руу дүрвэж, дараа нь Сөүл хотын Ганнам дүүргээс, эрх баригч Ардын хүч намаас хууль тогтоогчоор сонгогдсон байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүнээр шууд сонгогдсон Умард Солонгосын анхны иргэн юм гэж Өмнөд Солонгосын The Korea Times сонинд бичжээ.


Хууль тогтоогчийн хувиар Тэ Ёнхо мөн парламентын Гадаад харилцаа, нэгдлийн байнгын хорооны даргаар томилогдсон байна. Өмнө нь тэрбээр ярихдаа "Солонгосын ардчилсан нийгэмд амьдрахыг хүссэн, үр хүүхдүүдээ Умард Солонгост өрөвдөлтэй” байдалд амьдруулахыг хүсээгүй учраас Өмнөд Солонгос руу дүрвэсэн" гэж байжээ.  


Харин Умард Солонгосын тал Тэ Ёнхог “нийгмийн хог шаар” хэмээн үзэж, түүнийг хүүхэд хүчирхийлсэн, засгийн газрын хөрөнгө мөнгийг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байна. Мөн Умардын удирдагч Ким Жөн Уныг эвгүй байдалд оруулахын тулд Тэ Ёнхо-гийн үйлдлийг Өмнөдийн тал үзэл суртлын зорилгоор ашигласан гэж буруутгадаг.

 


Related news