Дэлхий даяар мэдээллийн технологийн саатал үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-07-19 16:51:24

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 19 /BBC/. Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна. 


Австралид нислэгүүдийг зогсоож, супермаркетуудад төлбөр тооцоо хийхэд хүндрэл үүсэж, өргөн нэвтрүүлгийн сүлжээнүүд доголдсон байна. Мөн АНУ-ын Аляска муж улсад онцгой байдлын албад руу хандахад саатал учраад байгааг анхааруулжээ.


Энэхүү саатлын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч Майкрософтын үйлдлийн системүүдээс шалтгаалсан бололтой.


Майкрософт 365 программ өнөө өглөө X хуудсандаа “Майкрософт 365 бүхий янз бүрийн апплейкейшн, сүлжээнүүд рүү хандахад нөлөөлж буй асуудлуудыг судалж байна гэж бичжээ. Харин Майкрософт компанийн хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт BBC-д мэдээлэхдээ “ихэнх үйлчилгээг хэдхэн цагийн өмнө сэргээсэн гэв.


Австралийн Дотоод хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, техникийн саатал доголдол нь дэлхийн кибер аюулгүй байдлын Crowdstrike фирмд үүссэн асуудалтай холбоотой байж болзошгүй гээд, тус улсын кибер аюулгүй байдлын хяналтын байгууллагаас үүнийг халдлага гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж мэдэгдсэнийг уламжилжээБидэнд ирүүлсэн мэдээллээс үзэхэд, энэ саатал бол түүнд өртсөн компаниудын ашигладаг гуравдагч талын программ хангамжийн платформоос шалтгаалсан техникийн асуудал гэж уг мэдэгдэлд дурджээ.


Аляскийн албаны хүмүүсийн ярьснаар, 911 болон яаралтай тусламжийн төвүүдийн ажиллагаа доголдсон байна.


Үүний зэрэгцээ Сиднейн нисэх онгоцны буудлын нислэгийн хуваарийн самбар дахь мэдээлэл алга болжээ. Агаарын тээврийн “Jetstar компанийн мэдээлснээр, “Майкрософттой холбоотой асуудлын” улмаас зорчигчдыг шалган нэвтрүүлэх боломжгүй болсон байна.


Түүнчлэн “Virgin Australia” компанийн нислэгүүд бүрэн зогсжээ. Мөн Австралийн Woolworths гэх мэт дэлгүүрүүдэд төлбөр тооцооны системд саатал үүссэний улмаас урт дараалал үүсэж, Австралийн Үндэсний банк зэрэг санхүүгийн байгууллагуудад хандахад бэрхшээлтэй байгаа талаар нийгмийн сүлжээний хэрэглэгчид ярьж байнаМөн уг саатал агаарын тээвэр, такси, төмөр замын компаниудад нөлөөлснөөр дэлхий даяар аялж зорчиход хүндрэл үүсгэжээ.


АНУ-ын агаарын тээврийн United, Delta, American Airlines компаниуд бүх нислэгээ зогсоож байгаагаа зарласан бол Австралийн Virgin болон Jetstar агаарын тээврийн компаниуд нислэгээ хойшлуулсан эсвэл цуцалсан байна. Берлин, Токио, Дели зэрэг томоохон хотуудын нисэх онгоцны буудлууд мөн адил гэнэтийн сааталд өртжээ.


Их Британийн Govia Thameslink Railway” компанийн зүгээс зорчигчдод хандан галт тэрэг саатаж болзошгүй гэдгийг анхааруулсан бол Австралийн такси үйлчилгээ эрхлэгч Black and White Cabs компани системд нь саатал үүссэн тухай мэдэгдлээ.

Related news