ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн хурдан морины уралдааны бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-24 10:52:24

Даланзадгад, 2024 оны долдугаар сарын 24 /МОНЦАМЭ/Говийн бүсийн "Говь шанх-7" хурдан морины уралдааныг  долоодугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулна.


Тус наадмын хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын баг болон ГБХХГ-аас зохион байгуулалтын чиглэлээр мэдээлэл хийлээ.


Говийн бүсийн хурдан морины уралдааны бүртгэлийг долоодугаар сарын 24-ний 15:00 цагаас 26-ны өдрийн 20:00 цаг хүртэл хийнэ.


Долоодугаар сарын 26-ны өдрөөс шүдлэн, хязаалан, сонгомол дунд, даага гэсэн дөрвөн насны морины уралдаанаар эхлэх бөгөөд 6-7 цагийн хооронд хэмжилт хийж уралдаанд гаргах юм.


Товлосон цагаас хойш хэмжилт хийхгүй тул уяачдыг хоцрохгүй байхыг зохион байгуулагчдаас онцгой анхаарууллаа.


Бүс нутгийн цаг агаарын байдал, малын тарга хүчийг харгалзан үзэж Монголын морин спортын холбоо, ХХАА, Мал эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан саналыг үндэслэн Засгийн газраас тогтоосон журмын дагуу нас насны морины уралдааны зайг хамгийн доод хэмжээгээр тогтоон уралдуулахаар шийдвэрлэжээ.

 


Харин ГБХХГ-аас хурдан морь унаач хүүхэд наймаас дээш настай байх, уяачид морь унаач хүүхдийн эцэг, эхээс зөвшөөрсөн бичиг авсан байх, эрүүл мэндийн үзлэгт оруулж гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан байх зэрэг шаардлагыг хүргүүлж, хүүхдүүдийн аюулгүй байдал, хувцасны стандартад хяналт тавин ажиллах юм.


Мөн уралдааны үеэр хөрсөн дээр 35 градус хүртэл халах төлөвтэй байгаа тул хүүхдийг наршихаас хамгаалахыг уяачдад анхаарууллаа.

  

 

Related news