ДОРНОГОВЬ: Өргөн сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-25 12:02:34

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өргөн сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна.


Тус сум Мэргэн вангийн хошууны Ноён хутагтын шавьд харьяалагдаж байсан бол 1924 онд одоогийн Өргөн сумын нутаг Хаалгын уул, Хан Баянзүрх уул, Чойлонгийн уулын энгэрт Баттулга буюу Баттулга уулын сум хэмээн 1924 онд байгуулагдаж байжээ.


Одоогоос 80 жилийн тэртээ мичин жилийн зуднаар Дундговь, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дорноговийн 70 гаруй мянган адуу, /цөөхөн үхэр/ цасан шуурганд уруудан одоогийн Дорноговь аймгийн Өргөн /хуучнаар Баянмөнх/ сумын нутгаар дамжин хил тулж ирснийг Төвийн Балдан, Дамбадаржаа нарын тэргүүтэй нутгийн малчид хил давуулалгүй олон хоног тогтоосон баатарлаг үйлсийн тухай билгүүн номч Бямбын Ренчин “Их говийн зоригт хүмүүс” хэмээх найруулалдаа бичсэнээр хосгүй түүхийн эзэд болсон юм.


Нутгийн иргэдийн шүтээн Аргалийн уулаас гадна Их уул, Бага уул хэмээн авгайлах бие биенээ бараадсан хөх хайрхнууд, тахилга шүтээн бүхий Сүмбэр уул дүнхийж эртний хүний амьдарч байсны гэрч болох булш, хиргисүүр өргөн цэлгэр талд олон тохиолдоно. Монгол орны аргалийн тархацын хувьд хамгийн зүүн зах нутаг бөгөөд үүнээс цааш дорно зүгт энэ амьтны мөртэй огт тааралдахгүй.




Өргөн сумаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном, хөдөлмөрийн баатар, адуучин О.Мажиг зэрэг алдартан төржээ. Энд Монголын цементийн зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа хангадаг “Мон цемент” үйлдвэр ажиллаж байна.

Өргөн сум босоо тэнхлэгийн төмөр зам, авто замын сүлжээнд холбогдсон бөгөөд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар түлхүү хөгжих боломжтой юм.
Түүхт ойн баяр наадмаар зургаан насны морьд уралдаж, сур, шагай харваач цэц мэргэнээ сорьж, хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулж байна.  

Related news