СЭЛЭНГЭ: Анхны нисгэгч Дамчаагийн Дэмбэрэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-25 13:02:01

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байгаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын бахархал болсон олон алдартны нэг бол БНМАУ-ын агаарын зоригт баатар, ууган нисгэгчдийн нэг Дамчаагийн Дэмбэрэл юм.

 

Д.Дэмбэрэл Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Илдэн сум, одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт малчин ард Дамчаагийн хүү болон төржээ.

 

Дэмбэрэл 10 настайдаа эцэг эхээсээ хагацаж өнчин хоцорсон дүү нараа тэжээхийн тулд нутгийн баячуудад зарцлагдан амьдардаг байв. Тэрээр 1921 онд ардын журамт цэрэгт элсэн Хиагт, Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцсон партизан юм. Улмаар цэргийн албыг улиран хааж, 1924 онд хуягт тэрэгний хороонд шилжин очиж хуягт машины жолооч, байлдааны машины дарга болжээ.

 

Мөн 1929-1932 онд ЗХУ-ын Перьм хотын Нисэхийн техникчийн дунд сургуульд суралцан онгоцны техникч мэргэжил эзэмшиж, 1933 онд Улаанбаатар хотод нисэгчийн сургууль төгссөн байна. Монгол ардын цэргийн нисэх хүчинд жирийн нисэгчээс нисэх отрядын дарга хүртэл дэвшжээ.

 

1935-1936 онд Япон болон Манж-Го улсын зүгээс БНМАУ-ын дорнод хилийн Адаг дулаан, Булан дэрсийн болон Халхын сүмийн мөргөлдөөнүүдэд ардын армийн нисэх отрядын дарга-нисгэгчээр оролцон агаарын тулалдаанд японы хэд хэдэн онгоцыг устгасан төдийгүй ардын цэргийн газрын ангиудыг дэмжин япон-манж-гогийн цэргийн байрлал, цэрэг, зэвсгийг агаараас тагнах, бөмбөгдөх зэргээр агаараас дэмжих үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулж, өөрөө биечлэн оролцож явжээ.

 

1936 оны хавар Японы милитаристууд манай улсын дархан хилийг зөрчин Тамсагбулагийн районоор моторчилсон их хүчээр халдан довтлоход агаарын болон газрын хүчийг нь эсэргүүцсэн тулалдаанд оролцож, өдөрт 3-4 удаа байлдааны болон тагнуулын нислэг хийж, заримдаа агаарт 7-8 цаг ажиллаж байжээ.

 

Булан дэрс, Адаг дулааны районд болсон тулалдаанд дайсны 3 онгоцтой ганцаараа тулалдаж нэгийг нь сөнөөж, хоёрыг нь эргүүлэн хөөж, онгоцондоо 29 сумны “шархтайгаар” эндэлгүй газардуулж байсан гавьяатан юм.

 

Мөн нэг удаа дайсны 92 автомашинтай томоохон ангийг агаараас илрүүлэн бөмбөгдөж хэдэн арван машиныг жагсаалаас гаргаж, дайсны талаар олон чухал мэдээ цуглуулж, өөрийн газар дээрх ангиудад чадамгай дамжуулсан зэргээр байлдааны үүргийг гарамгай биелүүлж явсан эрэлхэг нисгэгч юм.

 

Түүний гарамгай гавьяаг 1936 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 25 машинтай 500 гаруй цэрэг, 3 их буу, 40 гаруй пулемёт, 2 онгоц, 2 танк бүхий хүчээр Япон, Манжийн 100 шахам цэрэг Булан дэрсний харуул руу довтолсон тулалдаанд хянагч Г.Доржийн хамт байлдааны үүргийг амжилттай биелүүлж, чадварлаг нисэгч болсныг илтгэн харуулсан байдаг.

 

Д.Дэмбэрэл дайсны хөдөлгөөнт цувааг оновчтой бөмбөгдөн, олон техник, амьд хүчийг жагсаалаас гарган, 5 дахин илүү хүчтэй дайсныг бут цохих ялалтыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

 

Хилийн зөрчил, тулгаралт даамжирсан 3 дугаар сарын 29-ний өдөр ачааны 7, суудлын нэг, хүнд, хөнгөн пулемётуудаар зэвсэглэсэн дайсан Адаг дулааны чиглэлээр нэвтэрсэн байна. Бүх цэргийн жанжин Г.Дэмид цагийн байдалтай нарийвчлан танилцаж 6 дугаар морьт дивизээс Р-5 онгоц 2, хуягт машин 4-ийг хилийн харуулд хүч нэмэгдүүлэн сөрөг талыг устгах тушаал өгч, Тамсагбулагаас нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар нисэж дайсанд ихээхэн хохирол учруулжээ.

 

Тухайн байлдаанд Д.Жамбаагийн онгоц 29, Д.Дэмбэрэлийн онгоц 30 удаа буудлагын зэвсгийн суманд өртөж, гэмтсэн ч жагсаалаас гаралгүй тулалдааныг дуусгасан байдаг.

 

Related news