Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-26 12:58:54

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам нээлтээ хийхэд 12 цагийн хугацаа үлдлээ.


Таван тивийн 206 орны 10500 тамирчин Парист хуран чуулах Олимп энэ сарын 26-27-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 01:30 цагт эхэлнэ. 

 

"Парис-2024" наадмын нээлтийн ёслолын онцлог нь орон орны тамирчид жагсан цэнгэлдэх рүү орж ирдэг уламжлалын оронд Сена мөрнөөр завиар хөвөх юм. 

 

Нээлтийн ёслолын завьт парад Сена мөрний эрэг дагуу зургаан километр замыг туулахдаа Парис хотын Нотр Дамын сүм, Эйфелийн цамхаг зэрэг түүхэн дурсгалт газраар дайран өнгөрч, дэлхий дахиныг гайхуулахад бэлэн болжээ. Завьт парад өндөрлөсний дараа Олимпын бэлгэдэл болсон бамбарыг асааж, “Парис-2024”  наадам албан ёсоор эхэлнэ.


Нээлтийн ёслолыг дэлхийн 1.5 тэрбум хүн шууд үзнэ гэсэн тооцоолол гарчээ.

Related news