ДУНДГОВЬ: Хан хуурыг жилд гурван удаа эгшиглүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дуу хуур, өв соёлыг брэнд болгосон Дундговь аймгийн хувьд морин хууртай
холбоотой хэд хэдэн онцлог бий.
Тус аймаг 2007 оныг “Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, нутгийнхаа онцлогийг сурталчлах зорилгоор Мандалговь хотын хойно байрлах Найрамдлын өндөрлөгт 7,5 мертийн өндөртэй, 1,5 метрийн өргөнтэй том морин хуурыг залсан юм. Уг хуурыг морин хуур урлаач Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээжээ.
2002 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн Хан хуурыг
бүтээн ЗДТГ-ын үүдний танхимд залжээ. Хан хуурыг Цагаан сарын шинийн нэгэнд болон Ардын
хувьсгалын ойн баяр, Улс тунхагласны баярын өдөр эгшиглүүлдэг байна.
Хүндэтгэлийн Хан хуурыг эгшиглүүлэх морин хуурч, дуучныг 2002 онд Засаг
даргын захирамжаар томилж, морин хуурчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Цэрэндоржийг,
дуучнаар гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа, соёлын тэргүүний ажилтан Г.Дадьсүрэн,
Г.Арилд нарыг сонгожээ.
Тус аймгаас Соёлын тэргүүний ажилтан Ё.Нэргүй, гавьяат жүжигчин
Н.Дагийранз, Соёлын тэргүүний ажилтан Г.Цэрэндорж, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчулуун,
Д.Амарсайхан, Б.Мөнхтүвшин, Соёлын тэргүүний ажилтан А.Доржпалам, Соёлын
тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр, Х.Амаржаргал, Б.Мөнхбат, М.Наранбаатар, О.Дашзэгвэ,
Ойдов, Эрдэнэчулуун нарын аймгийн алдарт морин хуурчид төрөн гарсан.
Хан хуурч Г.Цэрэндорж ардын болон уртын 300 гаруй дууг хөгжимдөж, дэлхийн сонгодог болон Монгол Улсын хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан 30 гаруй бүтээл, морин хуурын татлагыг гоцлон тогложээ.