ТӨВ: Спортын төрөлжсөн сургалттай ЕБС ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-08-17 17:53:04

Зуунмод, 2024 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Зуунмод хотноо спортын төрөлжсөн сургалттай ЕБС ашиглалтад орлоо. Тус сургууль Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо бөх, ширээний теннис, шатар, даам, үндэсний сурын харваа, таеквондо, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, дугуй, софт теннис зэрэг спортын 13 төрлөөр элсэлтээ авах юм.

Боловсролын багц хуульд заасны дагуу төрөлжсөн сургуулийн хөтөлбөрөөр хичээллэх энэхүү Спортын сургуульд Төв аймгийн 27 сумын хүүхдүүд элсэн сурах боломжтой.  


Ерөнхий эрдмийн 21 анги, гал тогоо, хоолны танхим, спортын нэг том, таван жижиг заал, урлагийн заал, усан бассейн, хувцас солих өрөөтэйгээр барилгын зохион байгуулалтаа шийджээ. Одоогоор дотуур байрны барилгын ажил явагдаж байна. 


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нээж үг хэлэхдээ: "Тив дэлхийд нэрээ дуурсгах мэргэжлийн тамирчдыг бага наснаас нь шинжлэх ухааны дагуу тасралтгүй бэлтгэх, эрүүл чийрэг, бие бялдартай, зориг тэвчээртэй, алсын зорилго тэмүүлэлтэй, хөдөлмөрч дайчин Монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой" хэмээн онцлов.  




Related news