Магдалена Вайсс: Төв цэнгэлдэх хүрээлэнг одоогийн байршилд нь шинэчлэх нь хамгийн оновчтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэхэд нийслэлээс олон улсын архитектур, инжнерингийн GMP компанийн удирдлага мэргэжилтнүүдийг урьж зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжлийн арга зүйн зөвлөгөөг авч, мэргэжлийн хэмжилт үзүүлэлтийг хийлгэхээр болжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнг орчин
үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх
байгуулах ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн юм. Төслийн баг шинэ
төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга
зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар олон улсын
байгууллагын төлөөллийг урьж урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэсээр байна.
Жишээ нь, энэ оны 6 дугаар сард Лондонд удирдах төвтэй “Populous Holdings”
компанийн удирдлагыг Монголд урьж авчирсан.
Харин энэ удаа удирдлага,
инженерүүд нь ирж буй GMP нь 50 гаруй жилийн туршлагатай, олон улсад олимп
болон хөл бөмбөгийн UEFA, FIFA-гийн зэрэг дэлхийн хэмжээний цэнгэлдэх
хүрээлэнгүүдийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан
туршлагатай компани аж. Тус компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар
хариуцсан захирал Магдалена Вайсс, туслах түнш Сандер Троост нар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцлаа.
Энэ үеэр “Төв цэнгэлдэх
хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь
12.8 га газарт, 4 улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй,
доороо зогсоолтой, 30.000 гаруй хүний суудалтай барихаар төлөвлөсөн"-ийг мэдээлэв.
Одоогоор судалгаа
шинжилгээний ажлыг хийж байна. Энэ оны 9 дүгээр сард зураг төслийн тендерийг зарлана.
Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран
ажиллаж байна. Эдгээр компани зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал
болгоно гэв.
GMP компанийн гүйцэтгэх
түнш буюу Азийн салбар хариуцсан захирал, хатагтай Магдалена Вайсс хэлэхдээ, “Бид
өмнө нь Испанийн “Реал Мадрид” клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнгийн
зураг төслийг гүйцэтгэж байсан. Тус цэнгэлдэх нь Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд
байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо
байгаа байршилд нь шинээр байгуулах нь ашиглалт, технологийн шийдэл талаасаа
олон давуу талтай, хамгийн оновчтой гэж үзэж байна” гэв.