ГОВЬ-АЛТАЙ: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, цар тахлын бэлэн байдлын сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилт Алтай хотноо болов.
Сургалт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн холбогдох 30 мэргэжилтэн оролцсон юм. Сургалтын эхний өдөр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежмент, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, эрсдэлийн харилцаа, халдварт өвчний тандалт, эрхзүйн орчин болзошгүй цартахал, шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний үеийн вирус судлалын тандалтын онцлог, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтын зарчим сэдвүүдээр ХӨСҮТ-ийн Дэд захирал О.Батбаяр, ТҮН-ийн тархвар судлагч Ч.Уртнасан, Д.Оюунгэрэл, ЭШХТСТ-ийн дарга Г.Нарантуяа, ВСЛ-ийн вируслогич Ч.Баясгалан нарын илтгэл тавьж зөвлөмж мэдээлэл өгсөн аж. Хоёр дахь өдөр цаг үеийн нөхцөл байдлын мэдээг өгч, өөрсдийн аймгийн одоо хэрэгжүүлэн ажиллаж байгаа салбаруудын бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын үеийн эрхзүйн бичиг баримтыг ашиглан дадлага сургуулилт хийлээ. Оролцогчид ширээний дадлага сургуулилтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цар тахлын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар батлагдсан эрхзүйн орчныг үнэлж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж, сул талуудыг тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах арга замын талаар салбар бүрийн санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.
Ил сэдвээр ХӨСҮТ, холбогдох газрууд хамтран Улаанбаатар хот болон орон нутагт бүсчилсэн байдлаар сургалт зохион байгуулж байгаа ажээ.