ХОВД: Ээж будааны нутагшсан цено сортыг ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-03 15:31:47

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр "Мэргэжлийн боловсрол-Тогтвортой хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Хурлыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийг үүсгэн байгуулсны түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой.

Хурлын үйл ажиллагаа баруун бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ахиц дэвшлийг харуулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэж байв.

Энэ удаагийн хуралд Монгол Улс болон БНХАУ, ОХУ-ын зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагын төлөөлөл оролцлоо. Хурлын хүрээнд эрдэмтэн, судлаачдаас 30 гаруй илтгэл ирснийг ном болгожээ. Мөн 10 гаруй шилдэг илтгэлийг өнөөдрийн хурлаар хэлэлцэв.

Өнгөрсөн хугацаанд эрдэмтэн, судлаачид жимс жимсгэнэ, хүнсний ногооны шинэ сорт, үр тариа, тэжээлийн ургамлыг туршиж, малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт судалгаа хийжээ. 

Тухайлбал, өнөөдрийн хурлын үеэр монгол орны газар тариалангийн бүсүүдэд ээж будааны нутагшсан цено сортыг ургуулсан дүн, чавганы сортуудад уур амьсгалын нөлөөллийг судалсан дүн, тарвасын сладкий бриллиант сортын тодорхойлолт, хүнсний ногооны өрхийн үйлдвэрлэлд техникийн үр ашигтай байдлын судалгаа, жимс жимсгэнэ тарих газрын тохиромжтой байдлын үнэлгээ ба тогтвортой хөгжил зэрэг сэдвээр оролцогчид илтгэл танилцууллаа.


Хөгжил политехник коллежийн илтгэгч М.Мөнхжаргал хэлэхдээ, "Би ээж будааны 26 сортыг туршиж, зургаан жилийн хугацаанд судалсны үр дүнд цено сортыг гаргаж авсан. Энэ сорт нь хүний эрүүл мэндэд ашигтай, тэжээлийн ургамал орлох,  хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх давуу талтай.  

Гадаадын улсаас авдаг цагаан болон шар будааг орлох шинэ будаа нутагшуулахын тулд энэ сортын үрийг үржүүлж байгаа.  

Уг ажлыг судлаач болон оюутан, хүүхдүүдэд зааж байна. Ховд аймгийн газрын хөрс, ус, цаг агаарын төлөв нь ээж будааны сортыг үржүүлэхэд хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа. Ээж будааг тарих, хураахдаа комбайн ашигладаг нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Энэ асуудлыг шийдвэл тус сортын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой. Ээж будааг байгалийн усаар услахад ургадаг" гэв.    


Хөгжил политехник коллежийг үүсгэн байгуулсны түүхт 80 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа энэ сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Баярын хурал, хүндэтгэлийн концерт, төгсөгчдийн уулзалт зэрэг олон талт үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.   


Related news