АРХАНГАЙ: Нутгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн орлого 4-5 дахин өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2023 оноос эхлэн аялал жуулчлалын төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргаж, бизнес хөгжүүлэлтэд нь анхаарч буй.
Энэ жил Архангай аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын холбоо, хувийн хэвшлүүдтэй хамтран “Visit-ara” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 52 малчин айлын дэргэд “Малчин кэмп”-ийг байгуулсан нь иргэд, жуулчдын сэтгэлд нийцсэн үйлчилгээ болсон байна.
“Малчин кэмп” үйлчилгээний онцлог нь жуулчид малчны хажууд байрлаж, монгол ахуйтай ойртон, хямд өртгөөр тав тухтай амарч, гэрийн эзэн, эзэгтэйн хамт цагаан идээ бэлдэж, морь унаж, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөх боломжтой юм.
Малчин айлууд ч мал аж ахуйгаас гадна аялал жуулчлалаас давхар орлого олж байна.
Мөн “Visit-ara” төслийн хүрээнд нутгийн иргэд “ARA FEST” хөтөлбөрийн тоглолтуудын тасалбарыг борлуулж, борлуулалтын тодорхой хувийг хүртэж орлого олжээ.
Ара комплекс энэ жил “АRA FEST” хөтөлбөрийг 7-р сарын турш зохион байгуулж, Монголын хамтлаг дуучид болон Солонгосын алдарт DJ Soda, мото кросс, мастер кросс, морин тойруулгын уралдаан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад, дотоодын зочдыг Архангай аймаг руу татсан юм. Түүний үрд дүнд Ара комплекс дээр байрлах орон нутгийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн орлого 4-5 дахин өсжээ.
Мөн жуулчдын урсгалыг даган зочид буудал, ресторан, гуанз, дэлгүүр, хүнсний зах, цагаан идээ, махны худалдаа, ШТС, эмийн сан, бэлэг дурсгалын худалдааны борлуулалт өмнөх жилүүдээс эрс өссөн байна.
Дээрх үйл ажиллагаанууд ирэх жил ч үргэлжилнэ.