ОРХОН: “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нар үзэглэв.
“Эрдэнэт шинэ илгээлт” төслийн зорилго нь Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийг хурдасгах,
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх 12 төслийг хэрэгжүүлэх
юм.
Эдгээр 12 төслийн зургаа нь буюу Төлөвлөлттэй
хот, Цэвэр агаартай хот, Ухаалаг хот, Чанартай авто замтай хот, Ногоон
хот, Эрүүл, оюунлаг хот төслийг Орхон аймаг хэрэгжүүлнэ.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Уул
уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор, Үйлдвэрлэл, технологийн
парк, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-Эрдэнэт машин”
цогцолбор, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор хотхон
байгуулах, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах, Хаягдлын шинэ сан байгуулах
төслийг хэрэгжүүлнэ.
Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал “Орхон
аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил Эрдэнэт үйлдвэртэй салшгүй
холбоотой. Энэ жил бид Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан илгээлтийн
эздийнхээ 50 жилийг ойг тэмдэглэж, өнөөгийн Эрдэнэт хотыг байгуулсан анхдагч
илгээлтийн эздээрээ бахархаж омогшлоо. “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн зорилго
нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч, жишиг улс болох юм” гэв.
Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хамтын ажиллагааны амжилт хүсэж, хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар мэдээлэл өгсөн юм.