Үерт нэрвэгдсэн орнуудын удирдагчид Польшид уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАРШАВ, 2024 оны есдүгээр сарын 19 /AFP/. “Борис” шуурганд нэрвэгдсэн дөрвөн улсын удирдагчид пүрэв гарагт Польшид ирж, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентэй уулзахдаа үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт үзүүлэх тусламжийн асуудлыг хэлэлцэнэ.
Сүүлийн өдрүүдэд Төв болон Зүүн Европыг дайран өнгөрсөн шуурганы улмаас амиа алдсан хүмүүсийн тоо лхагва гаргийн байдлаар 24-т хүрээд байгаа бөгөөд зарим бүс нутагт усны түвшин нэмэгдэх аюултай хэвээр байна. Өнгөрсөн долоо
хоногоос эхлэн хүчтэй
салхилж, аадар бороо орсны
улмаас Австрид тав, Польшт
долоо, Румынд долоо, Чехэд таван хүн тус тус амиа алджээ.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Чехийн Ерөнхий сайд Петр
Фиала, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо,
Австрийн Канцлер Карл Нехаммер нарын уулзалт Польшийн баруун өмнөд нутагт орших 670 мянган хүн амтай Вроцлав хотод болно. 1997 онд үерийн гамшигт нэрвэгдэж байсан Вроцлавын оршин суугчид усны түвшин нэмэгдэж буйд улам ихээр санаа зовниж
байна. Усны түвшин пүрэв
гарагт дээд цэгтээ хүрэх төлөвтэй бөгөөд уг хэмжээ нь
1997 оныхоос доогуур байх
төлөвтэй байгаа боловч ийм байдал олон хоногоор
үргэлжилбэл далангууд сэтэрч болзошгүй
байна.
Энэ долоо хоногт шуурганы улмаас Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан олон улсын уулзалтуудад оролцох гэж байснаа цуцалжээ. Мөн Румыны Ерөнхий сайд батлан хамгаалахын асуудлаар хуралдаж байгаа тул уулзалтыг алгасах юм. Чехийн Ерөнхий сайд П.Фиала лхагва гарагт X хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, Вроцлавын уулзалтын үеэр Чех болон Төв Европын бусад улсад Европоос санхүүгийн тусламж үзүүлэх боломжийг хэлэлцэнэ гэжээ.