Намрын мод тарих ажлыг ирэх сарын 5-нд эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-23 15:30:24

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын мод тарих үйл ажиллагааг ирэх сарын 5-наас эхлүүлнэ.



Мод тарих өдрүүдээр төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайд болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарьж болох бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.


Ойн газрын мэдээлснээр, манай улс 2021 оноос хойш нийт 41.5 сая ширхэг мод тарьжээ. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж, ургуулсан байна. Мод тарих үндэсний өдрийн намрын үйл ажиллагаа 21 хоног үргэлжилнэ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хумих, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан 2021 оны намраас эхлэн өрнүүлсэн билээ. Тэгвэл Улаанбаатар хот тус хөдөлгөөний хүрээнд 120 сая мод тарихаар төлөвлөн, энэ хүрээнд нийт найман байршилд мод тарьж эхлээд байна



Related news