ГОВЬ-АЛТАЙ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн албан хаагчидтай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж төрийн албан хаагчидтай уулзаж байна.
Тэрбээр энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж УИХ-аас хэрэгжүүлж буй хууль эрх зүйн шинэчлэл “Шинэ үеийн парламентын гурван төгөлдөршил" стратегийг танилцуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутагт хийх бүтээн байгуулалтын талаар иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл өгч байна.
Уулзалтын үеэр “Баруун бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд бүс нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллах болно” гэдгийг онцолсон юм. Мөн түүнчлэн "Нарансэвстэйн боомтыг нээж чадах юм бол Монгол Улсын хоёр дахь замын үүдийг баруун бүсэд авчрах боломжтой".
-Баруун бүс нутгийг эрчим хүчний төрөлжсөн төв болгоно. Дотоодын эрчим хүчний дутагдлыг хангахын зэрэгцээ, эрчим хүч экспортолдог томоохон үйлдвэрлэгчдийг энэ бүс нутагт, нэн ялангуяа Говь-Алтайд байгуулах боломжтой.
-11 дүгээр сараас зээл авах боломж нээгдэж, хоёр жил хагасын дараа 90 МВт-ын хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна. Дулаан хангамжийн асуудлыг бодит болгох ёстой. Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн төвийн дулаан хангамжийн 2 дугаар хэлхээг ирэх жил барьж эхэлнэ. Тус бүр 6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. 20 орчим тэрбумын зураг төслийг баруун бүс нутагт боловсруулж байна.
-УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай хамтран Говь-Алтай аймагт 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт суусан.
-Тайшир сумын Завхан голын эрэг орчмын тохижилтын ажилд 10 тэрбум төгрөг суулгасан. Нэн тэргүүнд ногоон байгууламж, дулаан, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж, орон сууцны хороолол байгуулах ажилд анхаарал хандуулна.
-Баруун бүс нутагт усжуулалт хийх, хөв цөөрөм сэргээхэд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл өгөв. Үүний сацуу 2026 онд Говь-Алтай аймагт анхны 8 давхар барилга ашиглалтад орно. Тодруулбал, 8 давхар 50 ортой ГАА-ийн АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын ажил ирэх жил эхэлж, 2026 онд ашиглалтад орохоор төлөвлөсний дагуу 2025 онд 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ.