Ихэнх нутгаар энэ сарын 28-наас хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-09-26 17:10:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Маргааш нутгийн хойд хэсгээр, энэ сарын 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байна.


Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдахыг малчид, хадланчид, тариаланчдад Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.


2024 оны 9 дүгээр сарын 28-наас 2024 оны 10  дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 


Энэ сарын 28, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Салхи энэ сарын 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 28-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Related news