Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ААШТ-д түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Киргизстаны нийслэл Бишкек хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Арван орны 300 орчим тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнээс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт оржээ. Тус тэмцээний “Шилдэг тамирчин” өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртсэн байна.
Тэднээс онцолбол, Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн цомын зургаан удаагийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээ хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медаль хүртжээ.
Энэ нь Э.Содномпилжээгийн 2024 онд олон улсын тэмцээнээс авсан дөрөв дэх медаль нь бөгөөд тэрбээр 2024 онд дэлхийн
цомоос алт, мөнгө, “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бол
Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж байна.